Гарал үүсэл нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-06-05 14:13:36

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх төсөл хэрэгжинэ.

“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” нэртэй төслийг хэрэгжүүлэх ажлын баг хуралдлаа. Энэхүү төслийн удирдах хорооны хурлаар ажлын төлөвлөгөөг дахин шинэчилжээ. Үүнтэй холбогдуулан Завхан аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар болон БОАЖЯ-наас орон нутагт хамтын санхүүжилт, худалдан авах зарим ажлын эрхийг шилжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулж ажиллахаар шийдвэрлэсэн. Төслийн ажлын багийн уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих яамнаас гэрээ батлагдан ирснээр орон нутагт төслийн танилцуулах уулзалт хийхээр товлож, харилцан уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байгааг онцолсон.

Энэ төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэх. Үндэсний болон бүс нутгийн түвшинд газар, усны ашиглалтыг уур амьсгалын мэдээлэлд тулгуурлан төлөвлөж, хэрэглэдэг болох. Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон ус, хөрсний менежментийн арга ажиллагааг өргөн хүрээнд нэвтрүүлэн байгалийн нөөцийн менежментэд малчдын оролцоог нэмэгдүүлэх. Гарал үүсэл нь тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх. Малчдын чадавхыг нэмэгдүүлж, бэхжүүлэх зорилготой юм гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.  

Төслийн үр ашгийг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг хамгийн ихээр амсаж буй малчид хүртэнэ

“Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл Монгол орны хээр, цөлөрхөг хээр, өндөр уул, уулын хээр, ойт хээрийн бүсийг хамарсан Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 68 суманд хэрэгжиж буй юм.

Төслийн үр ашиг эмзэг экосистем, байгалийн нөөцөөс хамаарал бүхий амьдардаг, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг хамгийн ихээр амсаж буй эрсдэлт бүлгийн 800,000 иргэнд хүрэх юм. Төслийг хэрэгжүүлэхдээ бүх талууд бэлчээрийн менежментийн сайн туршлагуудыг дэмжихэд шаардлагатай бодлогын өөрчлөлтүүдийг дэмжих, бодлогын шийдвэр гаргах. Байгалийн нөөцийн менежментэд уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төлөвийг харгалзан үзэх. Малчдын уламжлалт хамтын ажиллагааг дэмжин, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүн, тэдгээрийг мөшгөх шинэлэг технологийг нэвтрүүлэх. Малчдыг бүтээгдэхүүнээ зах зах зээлд хүргэх боломжийг сайжруулах. Ус, бэлчээрийн менежментийг сайжруулах, доройтолд орсон газар болон усны сав газрыг нөхөн сэргээх,чиглэлээр ажиллах юм гэж төслийг хэрэгжүүлэгч байгууллагаас нэмж дуулгав. 

Related news