Япон улсад эрчим хүчний хямрал нүүрлэж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-06-06 12:09:24

ТОКИО. /kommersant/. Япон улс 2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн дараа орох эрчим хүчний томоохон хямралтай тулгарч болзошгүй байгаа талаар “Nikkei” сонин мэдээлжээ. Тус сониныхны тооцоолсноор, хамгийн муу хувилбараар, түүнчлэн хүйтэн өвөл болсон тохиолдолд тус улс 1.1 сая өрхийн хэрэгцээтэй тэнцэх хэмжээний эрчим хүчний хомсдолд орж магадгүй байна.


Эрчим хүчний хямралын шалтгаан нь дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагааг зогсоосон, атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг дахин эхлүүлэх үйл явц удаашралтай байгаа, Украин дахь "цэргийн ажиллагаатай" холбоотойгоор ОХУ-аас эрчим хүчний нөөц худалдаж авах асуудал тодорхойгүй байгаатай холбоотой юм. Эрчим хүчний нийт хомсдол 3.5 сая кВт хүрч болзошгүй байна. Хэрэв ОХУ байгалийн шингэрүүлсэн хийн экспортоо хязгаарлавал энэ тоо дахин дөрвөн сая кВт-аар нэмэгдэнэ.


Украинд явуулж буй “цэргийн ажиллагааны” хариуд Япон улс бусад хэд хэдэн орны хамт ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан юм. Үүний зэрэгцээ Токио байгалийн шингэрүүлсэн хий олборлох "Сахалин-2" төслөөс гарахгүй гэдгээ мэдэгдсэн. Энэхүү төсөл нь улс орны эрчим хүчний аюулгүй байдлыг хангадаг гэж Японы эрх баригчид тайлбарлажээ.


Related news