Казахстанчуудын дийлэнх нь Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
delgermaa@yahoo.com
2022-06-08 09:15:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстанд өнгөрсөн бямба гарагт тус улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Энэ нь ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарлаад 30-аад жил болж буй тус улсын түүхэнд тохиож буй  нэгэн чухал үйл явдал байлаа.


2022 оны эхээр тус улсад болсон эсэргүүцлийн цуглаан зэрэг олон шалтгааны улмаас уг өөрчлөлтийг хийх шаардлагатай болсон хэмээн Мажилис буюу Казахстаны парламентын доод танхимын  гишүүн Айгуль Кууспан гадаадын сэтгүүлчидтэй уулзахдаа тайлбарлав. Гэхдээ ард иргэдийн саналыг үндэслэн асуудлыг шийдэх тул Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 6 дугаар сарын 5-ны өдөр бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр гаргажээ. Ингээд 3 үе шаттай бэлтгэл ажлыг ханган, сурталчилгаагаа хийж,  11 сая 700 гаруй иргэн саналаа өгөх эрхтэй тул саналын хуудсыг ч мөн үүнд  тааруулан хэвлүүлсэн аж. Казахстаны иргэд саналын хуудсанд буй Үндсэн хуульд өөрчлөлт хийх үү, хийхгүй юу гэсэн хоёр асуултын нэгийг нь сонгосон юм.


Уг үйл явц хэрхэн явагдаж байгааг ажиглахаар гадаадын сэтгүүлчдээс Казахстанд очсон юм. Тэдний дунд яагаад өөрчлөлт оруулах заалт бүрээр нь ард иргэдээсээ санал асуугаагүй юм бэ? хэмээн шүүмжлэх сэтгүүлчид ч байв. Олон улсын парламентын ассабмлей, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Жан Мин, ОХУ, Турк, Узбекистан зэрэг орны хууль батлах байгууллагын төлөөлөгчид ч ажиглагчаар оролцов. Эдгээр төлөөлөгчид бараг бүгд санал хураалтын өдөр Санал хураалтын төв комиссоос зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд оролцож сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


Бүх нийтийн санал асуулга ид явагдаж байх үед Казахстаны Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Еркин Тукумовтой уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. Түүний ярьснаар өнгөрсөн 5 дугаар сард тус хүрээлэн уг асуудлаар Казахстаны 17 муж, нэг саяас дээш хүн амтай гурван хотод судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон хүмүүсийн 66.4  хувь санал асуулгад оролцоход бэлэн гэсэн бол 76.4 хувь нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.

-Хэрвээ уг асуудлыг ард иргэдийн дийлэнх нь дэмжвэл  Үндсэн хуулийн хэдэн хувьд өөрчлөлт орох вэ?

-Олонхийн дэмжлэг авсан тохиолдолд 33 заалтад өөрчлөлт орно.


-Та Казахстаны Үндсэн хуульд оруулахаар тусгасан хамгийн гол өөрчлөлтүүдийг дурдахдаа хүний эрх, засаглалын төвлөрийг сааруулах зэргийг онцолсон. Өөр ямар өөрчлөлтийг дурдмаар байна?

-Ер нь маш олон өөрчлөлт орно. Гэхдээ миний хувьд засаглалын бүтцэд өөрчлөлт оруулах явдал чухал нь. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон хэрэг явдлыг бид мартаагүй. Түүнээс гадна манай төрийн тэргүүн эдийн засгийн тэгш бус байдлыг дурдсан байгаа. Тодруулбал, эдийн засгийн хөгжлийн боломжоороо мужууд хоорондоо нэлээд ялгаатай байгааг хөндсөн. Ер нь улс төрийн өөрчлөлтыг талаар ярьж байгаа бол эдийн засгийн өөрчлөлтийг заавал дурдах ёстой. Казахстаны эдийн засаг байгалийн түүхий эдээс нэлээд хамаарсан хэвээрээ байгаа. Эдийн  засгийн сайн суурьгүйгээр ардчиллыг хөгжүүлнэ гэж байхгүй. Ялангуяа байгалийн баялаг ихтэй орнуудын хувьд эхлээд улс төрийн шинэчлэл хийгээд дараа нь эдийн засгийг өөрчилнө гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй.


-Засаглалын төвлөрийг сааруулах талаар та ярьсан. Тэгэхлээр Казахстаны Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлах өөрчлөлтийг тусгасан гэсэн үг үү?

-Засаглалын төвлөрийг сааруулах  асуудлыг зөв ойлгох хэрэгтэй. Ямар ч байсан манайх Ерөнхийлөгчийн засаглалтай хэвээрээ байна. Гэхдээ орон нутгийн засаг захиргаанд илүү их эрх мэдэл олгох хэрэгтэй. Ингэснээр жижиг асуудлыг шийдүүлэх гэж дээрээс шийдвэр хүлээхгүй. Засаг захиргааны нэгжүүд төсвөө өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болно. Тухайлбал, орон нутгаас төсөвт оруулж буй татварын ойролцоогоор 6-12 хувийг  захиран зарцуулах эрхийг нь олгох хэрэгтэй. Орон нутгийн удирдлагыг тэндээсээ шууд сонгодог болох нь чухал бөгөөд энэ чинь ардчилал.


-Үндсэн хуулийн өөрчлөлтөд олон нийтийн дунд нэлээд маргаан өрнүүлсэн бас нэгэн асуудал бол цаазаар авах ялыг хүчингүй болгох. Энэ талаар таны байр суурийг сонирхмоор байна?

-Энэ заалтыг эсэргүүцэж байгаа хүмүүс бий. Эдгээр хүмүүс нь ялын дээд хэмжээ өгдөг байх нь хүнд гэмт хэрэг үйлдэхийг багасгана гэж боддог. Харин олон улсын хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд ялын дээд хэмжээ нь хүнд гэмт хэрэг гарах явдлыг багасгадаггүй. Австрали, зүүн Европын орнуудад уг асуудлаар нэлээд судалгаа хийсэн байдаг. Түүнээс үзэхэд ялын дээд хэмжээг хүчингүй болгох нь гэмт хэрэг гаралтад ерөөсөө нөлөөлдөггүй. Мэдээжийн хэрэг хүнд гэмт хэрэг үйлдсэн нөхцөлд хүнд ял оноодог байх ёстой.


Гадаадын сэтгүүлчид Нур-Султан хотын төвд Дуурийн театрт байрлах санал хураах хэсэг, Акломинск хязгаарын Целиноград дүүргийн 684, мөн 321 дүгээр санал хураах хэсгүүдэд очиж Казахстаны иргэд хэрхэн саналаа өгч байгаатай танилцсан юм. Энэ үеэр санал хураах хэсэг дээр ажиллаж байгаа Монгол Улсад амьдарч байсан казах иргэдтэй ч таарч явлаа. Тэд бүгд л Монголоос ирсэн үү, нутгийн хүн байна хэмээн ихэд дотноор яриа өрнүүлж байлаа.


Ташрамд дурдахад, гадаадын сэтгүүлчид Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаевын талаар уулзсан хүмүүсээсээ нэлээд шалгаасан. Зарим нь түүнийг шүүмжилсэн үг иргэдээс нь сонсох хүсэлтэй байв. Гэвч хэн нь ч түүний талаар сөрөг зүйл хэлээгүй. Н.Назарбаев  өөрөө “би тэтгэвэрийн хүн тул одоо ямар ч нөлөө байхгүй” гэж хэлснийг дурдаж байлаа. Хамгийн гол нь  казахууд ярихдаа хэрвээ Н.Назарбаев ажлаа муу хийсэн  бол Казахстан ДНБ-ээрээ Төв Азидаа тэргүүлэхгүй байх байсан гэдгийг онцолж байв. Энэ удаагийн Үндсэн хуульд оруулахаар санал болгосон өөрчлөлтөөр  анхны Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн гишүүд  төрд болон төрийн өмчит компанид ямар нэгэн албан хашихгүй юм байна.  


Ийнхүү тус улсын санал хураах төв комиссоос мэдээлсэнээр  саналаа өгсөн иргэдийн 77 гаруй хувь  Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дэмжсэн байна.


Related news