Уран гулгалтын тэмцээний насны доод хязгаарыг ахиулна

ДЭЛХИЙД | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-06-08 15:06:52

ПХУКЕТ. /DW/. Тайландын Пхукет хотноо болж буй Олон улсын тэшүүрийн холбооны /ISU/ их хурлын үеэр явуулсан санал хураалтаар олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцох уран гулгагчдын насны доод хязгаарыг ахиулахаар болжээ.


Ингэснээр 17 насанд хүрсэн уран гулгагчид олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжтой болж байна. Гэхдээ насны хязгаарыг ахиулах шийдвэрийг шат дараатайгаар хэрэгжүүлэх тул 2023-2024 оны тэмцээнүүдэд 16 настай уран гулгагчид оролцохыг зөвшөөрөх ажээ.


Энэхүү шийдвэрийг гарахаас өмнө 15 настай уран гулгагчид олон улсын тэмцээнд өрсөлдөх боломжтой байсан юм. Мягмар гарагт Пхукетэд явуулсан санал хураалтаар 110-16 саналын харьцаагаар дээрх шийдвэрийг баталсан байна. Олон улсын тэшүүрийн холбооны тэргүүн Ян Дейкема үүнийг түүхэн шийдвэр хэмээн тодорхойлжээ.


Оросын уран гулгагч, 2022 оны улсын аварга Камила Валиева энэ оны эхээр Бээжингийн Олимпын наадамд оролцох үеэр гарсан маргаантай асуудлаас үүдэн насны хязгаартай холбоотой асуудал олны анхааралд орсон юм. Тодруулбал, К.Валиева сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн ч тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Уран гулгалтын тэмцээний багийн төрөлд Оросын баг алтан медаль хүртэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан тэрбээр ганцаарчилсан тэмцээнд түрүүлэх магадлал өндөр байсан юм. 

Related news