Австрали нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилтоо ахиулжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-06-16 15:57:34

КАНБЕРРА. /Xinhua/. Австралийн шинэ Засгийн газар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 2030 он гэхэд 2005 оны үеийнхээс 43 хувиар бууруулах амлалтыг албан ёсоор өгчээ.


Ерөнхий сайд Энтони Альбанезе, Уур амьсгал, эрчим хүчний асуудал эрхэлсэн сайд Крис Боуэн нар Засгийн газар нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах зорилтоо НҮБ-д албан ёсоор өргөн барьсныг пүрэв гарагт мэдэгджээ.


Ингэснээр Австрали 2030 он гэхэд хорт хийн ялгарлыг 43 хувиар, улмаар 2050 он гэхэд Парисын хэлэлцээрийн дагуу тэглэх үүрэг амлалт өгч байгаа юм. Өмнөх эвслийн Засгийн газрын хувьд 26-28 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байжээ.


Э.Альбанезе хэлэхдээ, энэхүү зорилт нь уур амьсгалын бодлогын талаарх олон жил үргэлжилсэн хэлэлцүүлэг дууссаныг илтгэж буйг онцлоод, үүнийг байгальд ээлтэй эдийн засгийн томоохон шинэчлэл хэмээн тодорхойлсон байна.


Шинэ зорилтыг бизнесийн салбарынхан, үйлдвэрчний эвлэлүүд, байгаль хамгаалагчид сайшааж байна. К.Боуэны хэлснээр, Засгийн газар энэхүү бодлогын хүрээнд цэвэр сэргээгдэх эрчим хүчээр хангагдах илүү олон ажлын байр бий болгох ажээ.

Related news