Европын гурван удирдагч Киевт хүрэлцэн очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-06-16 16:47:46

БЕРЛИН. /TASS/. Германы Канцлер Олаф Шольц, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Италийн Ерөнхий сайд Марио Драги нар Киевт хүрэлцэн очсон тухай DPA агентлаг мэдээллээ. Улстөрчдийн ирж буй дүрсийг Италийн “Sky TG24” сувгаар мөн үзүүлсэн байна. 


Европын гурван удирдагч пүрэв гаргийн өглөө Киевт хүрэлцэн ирсэн байна. Тэд галт тэргээр Украины нийслэлд очжээ.


Шольц, Макрон, Драги нар Киевт айлчлахаар төлөвлөж байгаа тухай хэвлэлүүдэд зургадугаар сарын 11-нд мэдээлсэн. Украин, Францын засгийн газар дахь эх сурвалжуудын тэмдэглэснээр, Герман, Францын эрх баригчид хамтарсан айлчлал хийх талаар удаан хугацааны туршид хэлэлцжээ. Драгиг айлчлалд оруулах саналыг Францын тал гаргасан байна.


Францын ГХЯ-ны дэргэдэх сайд-төлөөлөгч Клеман Бон айлчлалтай холбогдуулан мэдэгдэхдээ, "Юуны түрүүнд энэхүү айлчлал нь бид Украиныг дэмжиж байгааг батлах зорилготой. Гурван удирдагч Зеленскийтэй Украинд үзүүлэх тусламж, тэр дундаа зэвсгийн тусламжийн талаар хэлэлцэнэ" гэжээ. Түүний хэлснээр, удирдагчид мөн Украиныг Европын Холбоонд элсүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


Хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хойш Киевт Германы эрх баригчдаас тус улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок, Бундестагийн дарга Бербель Бас нар айлчилжээ. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерыг ОХУ-ын талаар хангалттай хатуу бодлого явуулаагүй хэмээн Украины эрх баригчид айлчлахыг уриагүй тул Шольц айлчлахаас татгалзаж байгаагаа тавдугаар сарын 3-нд мэдэгдэж байсан юм. Харин Зеленский Штайнмайертай утсаар ярьснаар хоёр тал санал зөрөлдөөнөө арилгажээ. 


Германы сөрөг хүчнийхэн Шольцыг Украиныг хямралыг зохицуулах асуудалд алгуурлаж, Киевийн эрх баригчдад хүнд зэвсэг хангалтгүй нийлүүлж байна гэж шүүмжилж байгаа юм.


Related news