Европын орнуудад хэт халжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-06-20 15:46:09

ПАРИС. /France24/. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Испани, Франц зэрэг Баруун Европын орнуудад хэт халсны улмаас ойн түймэр гарчээ. Зургаадугаар сард ийнхүү халснаар судлаачдын урьдчилан таамаглаж байсанчлан зуны эхээр хэт халах нь цаашид хэвийн үзэгдэл болж болзошгүйг харуулж байна.


Францын баруун өмнөд нутгийн Биарриц хотод бямба гаргийн үдэд агаарын температур түүхэн дээд үзүүлэлтэд буюу цельсийн 42.9 хэмд хүрсэн талаар тус улсын Цаг уурын агентлаг мэдээлжээ. Мөн Атлантын эргийг ням гаргийн орой шуурга дайран өнгөрөх төлөвтэй байсан ч тус бүсийн олон хэсэгт 40 хэмээс дээшилж халсан байна.


“Францад 1947 оноос хойш жилийн хамгийн эрт үед хэт халсан тохиолдол энэ болж байна” гэж Цаг уурын агентлагийн цаг уур судлаач Мэтью Сорель мэдээлээд, зургаадугаар сард олон бүсэд түүхэн өндөр хэм бүртгэгдсэн тул үүнийг “уур амьсгалын өөрчлөлтийн тэмдэг” гэж хэлж болно гэв.


Испанийн нутгаар бямба гарагт мөн агаарын температур цельсийн 40 хэмээс дээшилж халсан бөгөөд Зарагоза хотод 43 хэмд хүрчээ. Тус улсын баруун хойд нутгийн Сьерра-де-ла-Кулебра бүсэд бямба гарагт ойн түймэр гарч, 20 мянга орчим га газрыг хамарчээ. Мөн Каталоны ой зэрэг хэд хэдэн бүсэд дэгдсэн ойн түймрийг унтраахаар гал сөнөөгчид ажиллаж байна.  

Мөн бямба гарагт цельсийн 40 хэмд хүрч халах төлөвтэй байгаа талаар урьдчилан мэдээлж байсан ч 36 хэмд хүрсэн Германд ойн түймэр гарчээ. Тодруулбал, Берлин хотын ойролцоох Брандербург мужид 60 га орчим газар түймэрт өртсөн байна. Үүнээс гадна Их Британид баасан гарагт энэ жилийн хамгийн олон өдөр тохиож, үдэд 30 хэмд хүрч халсан байна. 

Related news