"Улаанбаатар Их дуулга-2024" тэмцээнийг 200 оронд шууд дамжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-21 09:31:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/-ны дарга Д.Жаргалсайхан даваа гарагт /06.21/ Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл, Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Шүүгчдийн зөвлөлийн гишүүн М.Бөхбат нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар манай оронд энэ сарын 24-26-нд болох жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар ярилцав. Их дуулга тэмцээнийг санхүүжилтийг БТСУХ-ноос Монголын жүдо бөхийн холбоотой гэрээ байгуулан ажиллаж буй аж.


Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 8-ны хуралдаанаар шийдвэрлэсэн юм. “Парис-2024” зуны олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн энэ бөгөөд дэлхийн 200 орчим оронд шууд дамжуулах тул нэн чухал тэмцээн болохыг онцлов.


Энэ уулзалтад Биеийн тамир спортын улсын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Баттулга, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Э.Адъяасүрэн,  Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн нар байлцсан ба Д.Жаргалсайхан даргын зүгээс санхүүжилттэй холбоотой асуудлаар шуурхай ажиллахыг үүрэг чиглэл өгөв.


Их дуулга тэмцээнийг  байгуулснаар цаашид ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах боломж бүрдэх юм. Тус тэмцээн "Парис-2024" зуны олимпын наадмын өмнөх чухал сорил болох ба манай улсын 56 жүдоч барилдахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байна.



Related news