Үндэсний бөхийн шуудагны ширээсийг 5-7 байж болохоор шийдвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-21 12:55:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос албан ёсоор томилсон үндэсний бөхийн өмсгөл шалгагч нар 5, 6 дугаар сард зохион байгуулсан барилдаанын үеэр тогтмол шалгалж хийжээ.


Улмаар шалгагчид зөрчилтэй өмсгөлийг солиулж, засуулсан бөгөөд шалгагчдаас ихэнх бөхчүүдийн өмсгөлд буй барилдаанд нөлөөлөхгүй байдлыг харгалзан зарим оёдлыг өөрчлөх саналыг ирүүлсэн байна.


Тухайлбал, Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй, 19 хүртэл ширээстэй байх, шуудагны ширээс 7 байх гэсэн хүсэлт ирсэнийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн 6 дугаар сарын 17-ны хурлаар хэлэлцээд зодогны ширээсийг урьд заасан ёсоор 8 см хүртэл өргөнтэй, 17 хүртэл ширээстэй байх, харин шуудагны ширээсийг 5-7 байж болохоор шийдвэрлэжээ.


Ташрамд дуулгахад, МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар өмсгөлийн шаардлагыг дараах байдлаар баталсан юм. Үүнд:


1. Зодогны өнгө ба дотор давхарлага хийснийг авах,

2. Ширээсийг мяндас утсаар давхарлаж ширснийг авах,

3. Элэг бүсний голч 1.5 см-ээс багагүй байна,

4. Зодогны ирмэгээр утас гүйлгэж, давхарлаж оёсныг авах,

5. Зодогны ширээс 8 см хүртэл өргөнтэй 17 хүртэл ширээстэй байна (илүүг авах),

6. Зодогны танаасыг барьц барих мөр, суганд хийснийг авч, барьц барихгүй хэсэгт хийх,

7. Шуудагны ширээсийн тоо таваас илүүгүй байх (илүүг авах),

8. Шуудагны ташаанд нэмэлт ширээс хийснийг авах,

9. Шуудагны уяаны голч 0.8 см-ээс багагүй байх,

10. Уутан зодог эгэм рүү орохгүй зөвхөн мөрний шонтон ясыг дарсан байх зэргээр өмсгөлийн хэм хэмжээг тогтоосон юм. 

Related news