Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ф.Маркос өөрийгөө Хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-06-21 16:29:46

ТОКИО. /NHK/. Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Фердинанд Маркос хүнсний үнэ нэмэгдэж байгааг харгалзан өөрийгөө Хөдөө аж ахуйн сайдын албан тушаалд нэр дэвшүүлжээ.


Зургаадугаар сарын 30-ны өдөр ерөнхийлөгчийн тангаргаа өргөх тэрбээр даваа гарагт энэ талаараа мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ саатахад нөлөөлөөд буй Украины дайн зэрэг бусад гадаад хүчин зүйлийн улмаас хүнсний үнэ ирэх улирлуудад улам өсөх төлөвтэй байна.


Мөн Ф.Маркос хүнсний үнэ өсөх, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхтэй холбоотой сорилтуудыг зохицуулах шаардлага тулгарч байгааг цохон тэмдэглэжээ. Филиппиний Ерөнхийлөгч Хөдөө аж ахуйн яамны сайдын албан тушаалыг давхар хаших нь ховор тохиолдол юм.


Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ф.Маркос цагаан будааны үнийг тэн хагасаас илүү хувиар бууруулах амлалт өгчээ. Тэрбээр олон нийтэд нэн чухал хөдөө аж ахуй, хүнсний салбарт тэргүүлэх ач холбогдол байгаагаа энэхүү шийдвэрээрээ харуулж байгаа бололтой байна. 

Related news