СҮХБААТАР: Иргэд үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-06-23 20:04:42

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх талаар санал солилцох уулзалт Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Уулбаян суманд боллоо. Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь болон аймаг, сумдын удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо. Иргэдийн хувьд үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна.


Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүд иргэдэд үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг таницуулсан. Төсөлд Хүний эрхийн үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх, Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол Улсын Төрийн сүлдийг шинэчлэх зэргийг багцлан тусгасан. Эдгээр сэдвийн хүрээнд иргэдийн саналыг сонссон юм.

Иргэдийн ихэнх нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Гэхдээ үндсэн хуулиа олон дахин өөрчлөхгүй байхын тулд энэ удаагийн өөрчлөлтийг маш сайн хийх хэрэгтэйг сануулж байна. Тодруулбал, парламентыг хоёр танхимтай болгох, гишүүдийн тоог нэмэгдүүлэх, давхар дээлтэй байх зэрэг заалтуудыг онцгойлон дэмжиж буйгаа тодотгож байлаа. Ингэхийн тулд иргэдээс авах бүх нийтийн санал асуулгыг үргэлжлүүлж, иргэн бүрийн саналыг сонсож, тусгах нь зүйтэйг сануулав. Цаашлаад хуулийн хэрэгжилтийг хангуулах нь хамгийн чухал гэдгийг ч захиж байсан юм.

 

 

Related news