Японд хэт халж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-06-29 15:00:50

ТОКИО. /NHK/. Японы баруун, зүүн хойд нутгаар хэт халж байгаатай холбоотойгоор цаг уур, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд гадуур явахаас зайлсхийж, ус сайн ууж, агааржуулагч хэрэглэхийг олон нийтэд зөвлөж байна.


Өнөө өглөөний 11:30 цагийн байдлаар Токиогоос хойд зүгт орших Сайтама мужийн Хатояама сууринд цельсийн 37.3 хэмд хүрч халжээ. Улмаар үдээс хойш агаарын температур орон даяар улам нэмэгдэх төлөвтэй байна.


Тухайлбал, Гүнма мужийн Маэбаши хотод 40 хэм, Сайтама мужийн Күмагаяа, Чичибү хотод 39 хэм, төв нутгийн Токио, Киото, Нагояад 36 хэмд хүрч халах төлөв ажиглагдаж байна.


Зарим иргэд зуны халуунд хараахан дасаагүй байгаа тул наранд цохиулах эрсдэл өндөр байгаа бөгөөд наранд цохиулсантай төстэй шинж тэмдэг илэрсний улмаас эмнэлгээр үйлчлүүлэх хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгааг холбогдох албаныхан мэдээлжээ. 

Related news