Суурь металлуудын үнийн уналт 2008 оноос хойших хамгийн муу үзүүлэлтэд хүрч магадгүй байна

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-06-30 16:57:45

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. 2022 оны хоёрдугаар улиралд суурь металлуудын үнийн уналт 2008 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойших хамгийн муу үзүүлэлтэд хүрч магадгүй байна. Учир нь Хятадын эдийн засаг аажмаар сэргэж байгаа хэдий ч дэлхийн бусад оронд засгийн хямрал үүснэ гэсэн айдас улам бүр нэмэгдсээр байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлэв.


Лондоны өнгөт металлын бирж /LME/ дээр арилжаалагддаг металлуудын индекс гуравдугаар сарын сүүлчээс хойш 23 хувиар унажээ. Хамгийн огцом уналтыг цагаан тугалга харуулсан бөгөөд үнэ нь 38 хувиар буурсан байна. Хөнгөн цагааны үнэ гуравны нэг орчим, зэс 20 хувиар буурчээ. 


Пүрэв гарагт цайрын гэрээний үнийн санал 1.3 хувиар, зэс, цагаан тугалга 0.1 хувиар тус тус буурсан байна. 


Хэдийгээр Хятадын аж үйлдвэрийн салбарын идэвхжил энэ сард хоёрдугаар сараас хойш анх удаа нэмэгдсэн боловч өсөлт нэлээд удаашралтай байна. Үүний зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн зах зээл сул хэвээр байгаа нь металлын эрэлтэд дарамт үзүүлсээр байна. Хятад улс “тэг ковид” бодлогоо цуцлаагүй байгаа бөгөөд энэ нь өвчлөл нэмэгдсэн тохиолдолд ямар ч үед хязгаарлалт, хөл хорио тогтоох боломжтой гэсэн үг юм.


АНУ-д магадгүй дэлхий даяар эдийн засаг унах аюул зах зээлд нүүрлэсээр байгааг гэж шинжээчид тэмдэглэж байна. Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл болон бусад Төв банкны удирдлагууд Европын Төв банкны жил тутмын чуулга уулзалтын үеэр дэлхий нийт инфляцын үлэмж өндөр горимд шилжиж байгааг анхааруулжээ.


Наад зах нь томоохон эдийн засагтай орнуудын эдийн засгийн өсөлт удааширч байгаа бөгөөд энэ нь металлын эрэлтийн ихээхэн хувийг эзэлдэг барилгын салбарт сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.


Он гарснаас хойш LME-ийн индекс 12 хувиар буурчээ. 

Related news