Калифорнийн хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг бууруулах хуулийн төсөл баталжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-07-01 09:39:06

ВАШИНГТОН. /France24/. АНУ-ын Калифорни муж улсын хууль тогтоогчид дахин боловсруулах боломжгүй хуванцрыг ирэх зургаан жилийн хугацаанд хамгийн багадаа 30 хувиар бууруулах хуулийн төслийг баталжээ. Үүнд үйлдвэрлэгчдэд ч мөн хариуцлага ногдуулах талаар тусгасан байна.


Пүрэв гарагт Сенат, нэг хоногийн Ассамблейн баталсан хуулийн төсөлд одоо муж улсын захирагч Гэвин Ньюсом гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Энэхүү баримт бичгийн дагуу 2028 оны нэгдүгээр сарын 1 гэхэд хуванцар савлагааны дор хаяж 30 хувийг дахин боловсруулдаг болгох шаардлагатай бөгөөд улмаар 2032 он гэхэд 65 хувьд хүргэж ахиулна.


Мөн нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнүүдийг 2032 он гэхэд 25 хувиар бууруулах ёстой байна. “Nature Conservancy” байгаль орчныг хамгаалах байгууллага энэхүү хуулийн төслийг хуванцар хаягдлыг бууруулах чиглэлээр боловсруулсан улсын хэмжээн дэх хамгийн цогц баримт бичиг хэмээн тодорхойлсон байна.


Калифорнид хуванцар хаягдлын 85 орчим хувь нь хогийн цэгүүдэд хаягддаг болохыг “CalMatters” төрийн бус байгууллагын судалгаа харуулжээ. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын сайшааж буй хуулийн төсөлд заасан арга хэмжээнүүдийг дагаж мөрдөөгүй компаниудыг өдөрт 50 мянга хүртэлх ам.доллароор торгоно гэдгийг тодорхой тусгасан байна.  


“Хуванцар хаягдлыг эх үүсвэрээс нь бууруулснаар агаар, усны бохирдлыг, тэр дундаа далай тэнгист хаягддаг хуванцрын хэмжээг багасгана” гэж “Oceana” төрийн бус байгууллага “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Калифорни муж улсын сенатч, хуулийн төслийг боловсруулсан Бен Аллены хувьд, “Калифорни хуванцар хог хаягдлын асуудлыг зохицуулахад улсдаа төдийгүй дэлхийд тэргүүлж байна. Дэлхий нийтэд хүлээх цаг байхгүй” гэдгийг онцолжээ. 

Related news