Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эмгэнэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-07-10 18:25:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо халдлагад өртөж харамсалтайгаар амь эрсэдсэнд эмгэнэл илэрхийлж, Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасад захидал илгээв.


Захидалд, "Эрхэмсэг ноён сайд аа,


Монголын итгэлт анд нөхөр Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо түрэмгий халдлагад өртөж, харамсалтайгаар таалал төгссөнд харамсан гашуудаж, гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Ерөнхий сайд агсан Абэ Шинзо Япон Улсын Ерөнхий сайдын хувиар 3 удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, “Эрч”, “Эрч+” санаачлага дэвшүүлэн Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн түвшинд өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.


Абэ Шинзо агсаны Япон Улсын Ерөнхий сайдаар ажиллах хугацаанд манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэрийн хуудас, эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон 1000 инженер, Монгол, Японы эмнэлэг, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал зэрэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, Монгол Улсын хувьд анхны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаж байсныг энэ мөчид дурсан санаж байна. Түүний эхлүүлсэн ажил үйлс Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх төдийгүй бүс нутгийн хүртээмжтэй хөгжил цэцэглэлтийн гүүр нь болон өргөжин дэлгэрнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.


Ерөнхий сайд агсан Абэ Шинзо нь Япон Улсын түүхэнд хамгийн урт хугацаанд Ерөнхий сайдын албыг хашиж, “идэвхтэй, энх тайванч” гадаад бодлогыг хэрэгжүүлэн, Японы Улсын олон улсын тавцан дахь нэр хүнд, нөлөөг өсгөн нэмэгдүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсныг бид өндрөөр үнэлж, түүний гэгээн дурсгалыг гүнээ хүндэтгэж байна.


Абэ Шинзо агсны Монгол Улсын ардчилсан хөгжил, манай хоёр улсын харилцаанд оруулсан гавьяа зүтгэлийг бид үүрд дурсан санах болно" гэжээ.

Related news