НАСА "Жеймс Уэбб" сансрын дурангаар авсан шинэ зургуудыг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-07-13 15:18:47

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) "Жеймс Уэбб"  сансрын дурангаас хүлээн авсан Орчлонт ертөнцийн таван өөр хэсгийн анхны зургуудыг мягмар гарагт танилцууллаа. 


"Орчлонт ертөнц болоод түүн дотор эзлэх хүн төрөлтний байр суурийг илүү сайн ойлгоход тус дөхөм болох асуултуудын хариуг олоход "Уэбб" хэрхэн тусалж байгааг эдгээр зураг харуулж байна" гэж НАСА-гийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагч Билл Нельсон хэлжээ.


Хүн төрөлхтөн Орчлонт ертөнцийн урьд өмнө хэзээ ч харж байгаагүй тод зургуудыг дэлхийн өнцөг булан бүрд буй NASA-гийн түншүүд ээлж дараалан, нэг нэгээр нь танилцуулжээ. АНУ-ын бусад хэд хэдэн муж улс, түүнчлэн Энэтхэг, Канад болон бусад орны эрдэмтэд Годдардын нэрэмжит Сансрын нислэгийн төвтэй шууд холбоотой байсан байна.


Цахим хэвлэлийн бага хурлын үеэр НАСА-гийн төлөөлөгчид “WASP-96b” гаргийн агаар мандлын шинж чанарын талаарх спектрийн өгөгдлийг үзүүлжээ. 


Нарны аймгаас гадна орших энэхүү гаргийн агаар мандлаас “James Webb” усны уурын ул мөр илрүүлсэн байна. "WASP-96b" нь нартай төстэй "WASP-96" одыг маш ойрхон зайд тойрон эргэдэг аварга гараг юм. Уг гараг нь дэлхийгээс 1.15 мянган гэрлийн жилийн зайд Феникс ордны ордонд оршдог байна. Энэхүү гараг бол агаар мандал нь хэдэн зуу, хэдэн мянган Кельвиний хэм хүртэл халдаг аварга том хийн гарагууд болох "халуун Бархасбадь" -уудын нэг юм.


Үүнээс гадна, “SMACS 0723” галактикийн бөөгнөрлийн зургийг дэлгэсэн байна. Энэхүү зургийг өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд танилцуулжээ. 


Энэ бол өнөөг хүртэл Орчлонт ертөнцийн хамгийн гүн рүү, хамгийн тод авсан хэт улаан туяаны зураг юм. Үүнийг авахын тулд "Жеймс Уэбб" 12.5 цагийн турш янз бүрийн урттай долгионы гэрлүүд цуглуулжээ. 


НАСА-гийн төлөөлөгчид мөн дэлхийгээс 2000 орчим гэрлийн жилийн зайд орших Тэнгэрийн сүм /Vela/ одны ордны “NGC 3132” гаргийн мананцрын өндөр нарийвчлалтай зургийг үзүүлсэн байна. Энэ бол бүдгэрч буй одыг тойрсон хийн үүл юм.



“James Webb” мөн “Pegasus” одны ордонд бие биетэйгээ маш ойрхон байрлах таван галактикийн зургийг авчээ. Квинтет Стефана хэмээн нэрлэсэн энэхүү галактикуудын бүлгийг одон орон судлаачид бүр 1877 онд нээсэн байна. 



НАСА-гийн эрдэмтэд түүнчлэн манай гаргаас 7.6 мянга орчим гэрлийн жилийн зайд орших “Carina” одны ордны “NGC 3372” мананцрын зургийг хүлээн авчээ. 


АНУ-ын сансар судлалын агентлаг танилцуулсан бүх зураг, спектрийн өгөгдлөө цахим хуудсандаа нийтэлсэн байна.


Хэт улаан туяагаар ажилладаг сансрын дурайн авайнуудаас хамгийн хүчирхэг нь гэгдэж буй “James Webb” дуранг 2021 оны 12 дугаар сарын сүүлчээр Францын Гвиан муж дахь Куру сансрын буудлаас “Ariane 5” зөөгч пуужингаар хөөргөсөн билээ. Энэхүү дуран авай нь NASA, Европ болон Канадын сансрын агентлагуудын хамтарсан төсөл юм.


"Жеймс Уэбб" -д 6.5 м-ийн голчтой толь суурилуулсан бөгөөд энэ нь тойрог замд гаргасан хамгийн том толь юм. Уг дуран авайгаар эрдэмтэд Их тэсрэлтийн дараа үүссэн Орчлонт ертөнцийн хамгийн эртний одод, галактикуудыг судлахаас гадна амьдрал байх боломжтой гаргуудыг хайхад ашиглахаар төлөвлөж байна.

Related news