Монгол, Солонгосын Утга зохиолын өдрүүд эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Шинэ Мянган” утга зохиолын нэгдлээс санаачлан зохион байгуулж буй Монгол, Солонгосын Утга зохиолын өдрүүд хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан семинараар өнөөдөр эхэллээ.
Дөрөв дэх удаагаа зохиож буй Утга зохиолын хамтарсан семинар Төв номын сангийн Ерөнхийлөгчийн танхимд болж, “Шинэ Мянган” утга зохиолын нэгдлийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаатар нээсэн юм. Тэрбээр “Монгол, Солонгос хоёр улсын хэл соёл, газар нутаг, үнэт зүйлсүүд өөр хэдий ч соёлын хамгийн том илрэл болох утга зохиолыг бид өөр өөрсдийн оронд тод томруунаар дэлгэрүүлэх зорилготой юм. Монголын сор болсон уран бүтээлийн дээжийг Солонгосын ард түмэн хүлээн авч, Солонгосын утга зохиолын бүтээлийг манай ард түмэн сонирхон судлах энэ ажил улам өргөжинө гэж итгэж байна. Цаашдаа зөвхөн утга зохиолын салбар бус утга зохиолыг тойрсон судлал шүүмж, соёлын салбаруудад бидний хийх ажил олон байна” гэлээ.
Уг семинарт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сүхзориг “Солонгосын утга зохиол Монголд”, зохиолч П.Нямлхагва “Монгол яруу найраг дахь эрчим хүч долгионы тухай”, БНСУ-ын яруу найрагч Ким Йөн “Монгол, Солонгосын утга зохиолын хамтын ажиллагааны утга учир”, На Хе Гйөн “Солонгос дахь модернизмын эхэн үе” зэрэг сэдвийн илтгэлүүд тавилаа.
Монгол, Солонгосын Утга зохиолын семинарыг анх 2012 онд СГЗ, утга зохиол судлаач, шүүмжлэгч, доктор, профессор Ч.Билигсайхан, СГЗ, яруу найрагч Л.Нямаа, яруу найрагч, доктор Т.Галсан нарын санаачилгаар зохион байгуулж байжээ. Өнгөрсөн хугацаанд Монгол, Солонгосын утга зохиолын семинарыг Монгол болон БНСУ-д гурван удаа зохион байгуулж, хоёр улсын зохиолч, яруу найрагчдын бүтээлийн эмхэтгэлийг хэвлэн гаргаад байна.
Энэ удаагийн семинарт Солонгосоос нийт 11 уран бүтээлч ирсэн төдийгүй Өвөрмонголын зохиолчдын төлөөлөл ч мөн илтгэлээ тавихаар иржээ.
Монгол, Солонгосын Утга зохиолын өдрүүдийн хүрээнд Монголын нүүдэлчин соёл, уламжлалыг танилцуулах зорилгоор Төв аймгийн Баян өнжүүл болоод Дундговь аймгийн Өлзийт сумд бэсрэг наадам зохиож, малчны хотыг сонирхуулах төдийгүй яруу найрагчдын уншлага тэнд үргэлжлэх аж.
М.Үүрийнтуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ