ӨМӨЗО-ны яруу найрагчид “Утган хүрдэн” номоо монголчуудад танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГӨвөр Монголын өөртөө засах орны Алшаа нутгийн “Яруу найргийн найман шарга” төвийн гишүүдийн туурвисан “Утган хүрдэн” номын нээлт болон улсын шилдэг яруу найрагчдын уулзалт Улаанбаатар хотноо боллоо.
Энэхүү үйл ажиллагааг МУСГЗ яруу найрагч, сэтгүүлч Ц.Хулангийн үүсгэн байгуулсан Дэлхийн Монгол зохиолчдын холбооны санаачлагаар зохион байгуулж байгаа бөгөөд ӨМӨЗО-ны найрагч Т.Энххад, Т.Галбаатар, Н.Буянбат, Ж.Ялалт Э.Болд, Х.Цог-Оргил ,М.Цэдэнабал, Х.Дуламжав нар оролцож, найргаа толилуулав.
Нээлтийн үеэр МУСГЗ яруу найрагч, сэтгүүлч Ц.Хулан, “Бидний хамтын ажиллагаа нь Монгол үндэстний оюун санааг ариусган, нийт иргэдийн гоо зүйн боловсрол хандлагад үнэтэй хувь нэмэр оруулах юм. Түүнчлэн Монголчууд бидний эх түүх зан заншил өв соёлоо дээдлэн хөгжүүлэх үйлсэд ихээхэн ач холбогдолтой” хэмээв.
Мөн ӨМӨЗО-ны яруу найрагч Т.Галбаатар, “Монголчуудад өөрийн улсын яруу найргийг таньж мэдүүлэх зорилготой энэ үйл ажиллагаанд оролцож байна. “Утгын хүрдэн” номын нээлтийг ар монголынхоо ахан дүүс уншигч сонсогч яруу найрагт дуртай түмэн олонд сонордуулах гэж байгаадаа баяртай байна” гэлээ.
М.Дайриймаа
Гэрэл зургийг Т.Чимгээ