Туркийн банкууд Оросын төлбөрийн системийг нэвтрүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-09 17:10:12

АНКАРА. /Kazinform/. Туркийн таван банк Оросын "Мир" цахим төлбөрийн системийг ашиглаж эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. 


Энэхүү санаачилга нь Турк дахь Оросын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж Р.Эрдоган хэлсэн байна. 


Турк улс “Мир” системд шилжсэнээр ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа “Mastercard”, “Visa, SWIFT системүүдийг тойрч гарахад Оросын талд тусална.


Туркийн Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Барууны орнуудад хоёрдмол утгатай хүлээж авсан бөгөөд барууны улстөрчид Путин, Эрдоган нарын харилцаа улам гүнзгийрч байгаад түгшиж байна гэж “Financial Times” сонин мэдээлжээ. ОХУ-тай хийж буй Туркийн эдийн засгийн харилцаа Барууны хориг арга хэмжээнээс бүрэн хэмжээгээр зайлсхийх боломжийг нэмэгдүүлж магадгүй гэсэн болгоомжлол Европын улстөрчдийн дунд нэмэгдсэн байна.


Р.Эрдоган дээрх мэдэгдлийг Оросын удирдагчтай Сочи хотод уулзсаныхаа дараа хийжээ. Туркийн Ерөнхийлөгч мөн ОХУ-аас авч буй байгалийн хийн зарим төлбөрийг Анкара удахгүй рублиэр хийж эхэлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Туркийн тал мөн Хар тэнгисээр хийх Оросын үр тарианы экспортыг сэргээхийг эрмэлзэж байгаа юм. Р.Эрдоган Туркийг НАТО болон Оросын хооронд зуучлагч болгохыг эрмэлзэж байна гэж хэвлэлүүд мэдээлжээ. 


Related news