Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход Сингапураас зөвлөх үйлчилгээ авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-08-11 08:49:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгоход зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. 


Зүүн өмнөд Азийн газрын захирал ноён Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, Зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нар хүлээн авч уулзлаа. 


Монгол Улсын Засгийн газар Хуримтлалын нэгдсэн сан байгуулж, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттайгаар шилжих, хүн амын хүртээмжийг нэмэх, ядуурлыг бууруулах, амьжиргааны түвшнийг дээшлүүлэхийг зорьж байна. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Сингапур улсын Хуримтлалын Нэгдсэн Сангийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх асуудлаар зөвлөх үйлчилгээг Сингапурын хамтын ажиллагааны байгууллагаас авахаар санамж бичиг байгуулсан. 


Зөвлөх үйлчилгээний багийнхан Монгол Улсад 8 дугаар сарын 10-16-нд ажиллаж, Сингапур Улсын Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож, хөгжүүлсэн туршлагаас хуваалцан, тэтгэврийн сан, нийгмийн халамжийн тогтолцооны өнөөгийн засаглал, бодлогод тулгарч буй бэрхшээл, хоцрогдлыг үнэлж, тодорхойлох юм.

Related news