Швейцар улс Украины ашиг сонирхлыг ОХУ-д төлөөлөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-08-11 09:04:06

ЦЮРИХ. /SRF/. Швейцарын эрх баригчид ОХУ, Украины хооронд дипломат харилцаа тасалдсан байгаатай холбогдуулан Оросын нутаг дэвсгэрт Украины ашиг сонирхлыг төлөөлөхөд бэлэн байгаагаа илэрхийллээ. 


Энэ тухай радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн "SRF" компани Швейцарын Гадаад хэргийн яамны /ГХЯ/ мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна. 


"Швейцар улсаар Оросын нутаг дэвсгэрт өөрийн ашиг сонирхлыг төлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа Украин илэрхийлсэн. Энэ асуудлаарх хэлэлцээ дууссан. Энэхүү хэлэлцээ хүчин төгөлдөр болохын тулд ОХУ зөвшөөрч буйгаа илэрхийлэх ёстой" гэж тус улсын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ. 


Тэрбээр мөн Швейцар хоёр улсын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа эртнээс илэрхийлснийг онцолсон байна.


"Манай улс хэлэлцээ, уулзалтуудад талуудыг хүлээн авах үүрэг гүйцэтгэж, мөн хэлэлцээнд шинжээчдийн түвшинд мэдлэгээ хуваалцахад бэлэн байна" гэж ГХЯ-ны төлөөлөгч хэлжээ.


Түүний хэлснээр, Швейцар, Украины хэлэлцээ дууссан тухай ОХУ-ын Гадаад хэргийн яаманд мэдэгдсэн бөгөөд Оросын тал гэрээний заалтуудтай танилцсан байна”.  

Related news