Ирэх онд Их Британи улсын гурван өрх тутмын нэг нь ядууралд нэрвэгдэнэ гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-08-11 16:29:34

ЛОНДОН. /CNN/. "Их Британид эрчим хүчний үнэ өссөнтэй холбоотойгоор ирэх оны 1 дүгээр сард эрчим хүчний төлбөрөө төлсний дараа нийт айл өрхүүдийн гуравны нэг нь ядууралд нэрвэгдэнэ" хэмээн тус улсын "Түлшний хомсдолыг арилгах холбоо" ТББ-аас мэдээлэв. 


CNN телевиз тус ТББ-ын мэдээллээс иш татан мэдээлэхдээ, 10 дугаар сараас эхлэн Их Британид айл өрхийн эрчим хүчний жилийн дундаж төлбөр 3582 фунтэд хүрэх бөгөөд ирэх оны 1 дүгээр сараас 4266 фунт буюу сард дунджаар 355 фунтэд хүрэх төлөвтэй байна гэжээ.  


Тайланд дурдсан тооцооллоор, ирэх оны эхний гурван сард тус улсад 10.5 сая орчим өрх "түлшний ядуурал"-д нэрвэгдэх бөгөөд энэ нь эдгээр айл өрхүүд эрчим хүчний төлбөрөө төлсний дараа ядуурлын шугамнаас доогуур орлоготой болно гэсэн үг юм. 


Их Британийн Засгийн газар өрхийн дундаж орлогоос 60 хувиар бага тохиолдолд ядуурал хэмээн тодорхойлдог. Өнгөрсөн 2021 онд өрхийн дундаж орлого 31 мянган фунт байжээ.


"Cornwall Consultancy" судалгааны фирмийн хамгийн сүүлийн үеийн тоо баримтад үндэслэн гаргасан мэдээгээр ирэх оны 1 дүгээр сард тус улсын эрчим хүчний төлбөр одоогийн түвшнээс 116 хувиар өснө гэв.   

Related news