Их Британид инфляц 40 жилийн дээд түвшинд хүрчээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-08-17 17:04:46

ЛОНДОН. /BBC/. Их Британид өнгөрсөн сард инфляцын түвшин сүүлийн 40 жилийн дээд түвшинд хүрч, 1982 оноос хойш анх удаагаа 10 хувийн босгыг давжээ.


Тус улсын Үндэсний статистикийн товчооноос өнөөдөр мэдээлснээр, долоодугаар сард инфляц 10.1 хувьд хүрч өссөн байна. Зургаадугаар сард энэ үзүүлэлт 9.4 хувьтай байв.


Мөн хүнсний үнэ 2021 оны долоодугаар сараас хойш 12.7 хувиар өссөн нь инфляцын өсөлтөд хамгийн их нөлөө үзүүлсэн гэж статистикийн товчоо мэдээлжээ.


Хүнснээс гадна эрчим хүч, шатахуун, дизель түлшний үнийн өсөлт ч мөн нөлөөлсөн байна. Түүнчлэн тээврийн зардал нь өөр нэгэн томоохон хүчин зүйл болжээ.


Ингэснээр инфляцын түвшин “Reuters” агентлагаас эдийн засагчдын дунд явуулсан санал асуулгаар гаргасан урьдчилсан таамаглалаас /9.8 хувь/ давсан байна.


Английн Төв банк инфляцын түвшин цаашид 13 хувьд хүрч магадгүй гэж мэдээлжээ. 

Related news