ХОВД: Эрдэнэбүрэн сумын нутагт гурван сортын алим нутагшуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-22 10:29:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын тариаланч Ш.Нямсүрэн Цамбагарав уулын өвөр бэлд гурван сортын алим, слив, үхрийн нүд, үрэл, бөөрөлзгөнө зэрэг жимсийг амжилттай нутагшуулж чадлаа. 


Эрдэнэбүрэн сум нь далайн түвшингээс 4208 метр хүртэл өргөгдсөн өндөр уул, говь хээр хосолсон бүсэд байрладаг. Өвөлдөө хөрсөндөө -50, зундаа +38 хэмд хүрч хална. Цаг уурын ийм хатуу, ширүүн нөхцөлтэй ч олон жилийн хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд ийнхүү ургацаа авч эхэллээ.


Мөнх цаст уулс, Шижигтийн хавцалаас эхтэй Ховд голын усаар ундаалж, нутгийнхаа эрүүл хөрсөнд тарьж ургуулсан болохоор иргэд талархалтай байна.


Жимс, ногоо тарьж ургуулна гэдэг хичээл, зүтгэл, тууштай хөдөлмөрийн үр шим байдаг. Эх орны алс баруун хязгаарт импортын бус дотоодод тарьж ургуулсан эрүүл жимс, ногоогоор хүн ардыг хангах өрнүүн их ажил үргэлжилсээр байгаагийн нэг жишээ бол энэ юм.


Тариаланч Ш.Нямсүрэн нь Булган сум дахь “Минжит булган хоршоолол”-оос ажлын гараагаа эхэлж, улмаар 1997 онд төрсөн нутаг болох Эрдэнэбүрэн сумандаа ирж, 2007 онд “Тунгалаг уст шураг” хоршоог байгуулан, ажиллаж байна. Тус хоршоо нь 213 гишүүнтэй. Жилд 10 тонн чацаргана хураан авч, 2015 онд Улсын Тэргүүний хоршоогоор шалгарч байжээ. Тэрбээр 2018 оноос эхлэн хоршооныхоо дэргэд “гишүүдийн хадгаламж зээлийн хоршоо”-г нээн ажиллуулж, тэднийгээ үе шаттай дэмжиж байна. 


Ш.Нямсүрэнгийн тухайд өгөөж баян газрын хишгээ хүртэж, газар тариалангийн салбарт зориулсан олон жилийн хөдөлмөр, зүтгэлээ энэ жил бодитоор үнэлүүлж,  2021 оны “Аймгийн аварга тариаланч” цолоор шагнагджээ. 


Аймгийн аварга тариаланч Ш.Нямсүрэн гурав дахь жилдээ Булган сумаас “алимны мод” авч, Эрдэнэбүрэн сумандаа алимны модыг ургуулж байгаа. Энэ жилийн тухайд Булган сумаас 130 ширхэг алимны модны суулгац, чавга /слийв/ жимс авч тариалсан нь энэ аж.   

 

Related news