Ж.Золжаргал: Экспортын тогтворгүй байдлын гол шалтгаан нь дэд бүтэц, зохион байгуулалт

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-07 14:47:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ жил 18 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ч одоогоор 73 хувийн гүйцэтгэлтэй буюу 13,2 сая тонн нүүрсийг 8 дугаар сарын 22-ны байдлаар экспортолжээ.


Сүүлийн 3 сар боомтын сэргэлт бодлого хэрэгжүүлснээр нүүрсний экспорт сэргэж байгаа. Энэ хэвээр үргэлжилбэл төлөвлөгөөгөө биелүүлэх боломж бий. Манай улс 2024 онд нүүрсний экспортыг 50 сая тоннд хүргэх зорилт тавиад байгаа, БНХАУ руу ч нүүрс экспортоо нэмэх боломжтой. Одоогоор нүүрс экспортлох боломжийнхоо 20 хувийг ашиглаж байна. Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжих нүүрс ачиж буулгах терминал, автомат ачилт зэрэг бүтээн байгуулалтын төслүүд өндөр ач холбогдолтойг “Coal Mongolia-2022” чуулганы үеэр хөндөж байлаа.


Монгол Улс 1922 онд Налайхын уурхайг байгуулснаас хойш өдгөө 100 жил болж байна. Нүүрсний жилийн олборлолт 40 сая тн, дотоодын хэрэглээ 10 сая тн бөгөөд экспортод 30 сая тонн нүүрс гаргадаг. Нүүрсний нөөцийн хувьд улс даяар жигд тархсан ч дэд бүтцэдээ тулгуурлан төв, өмнөд хэсэгт илүү нөөцтэй гэж тооцогджээ. Төсвийн орлогын 3-ны нэгийг уул уурхайн салбар бүрдүүлдэг бол энэ салбарын 3-ны нэг хувийг нүүрс эзэлдэг байна. Цаашид нүүрсний чанарыг сайжруулахын тулд баяжуулах үйлдвэр шаардлагатай. Одоогоор 52 сая тонн нүүрс баяжуулах хэмжээний хүчин чадалтай үйлдвэрүүд бий. Нүүрс баяжуулах үйлдвэр нэмж барьснаар 100 сая тн нүүрс баяжуулах боломжтойг Монгол Нүүрс Ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал тэмдэглэсэн юм.



Тэрбээр цааш нь ярихдаа, “Манай улсын экспорт тогтворгүй байгаа нь хил, гааль, дэлхийн зах зээлийн нөхцөл байдалтай холбоотой, цаашид яахыг хэлэхэд эрт юм. Энэ онд 30 сая тн нүүрс экспортолно гэсэн ч одоогоор 20 сая тн хүрээгүй байна. Дэлхийн улс төрийн байдал хүндэрч, түлшний аюулгүй байдал анхаарал татаж байна. Эрчим хүчний нүүрсний огцом эрэлт, хомсдол үүсэх магадлалтай. Дэд бүтэц, зохион байгуулалтын асуудал нь экспортын тогтворгүй байдлын гол шалтгаан болж байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтыг сэргээхэд ач холбогдол өгсөн нь чухал зүйл болсон. Гашуунсухайтын төмөр замыг нээснээр тээвэр шийдэгдэнэ. Засгийн газраас хилийн боомтын хүчин чадлыг 3 дахин нэмнэ гэсэн. Энэ бүхэн хэрэгжвэл жилд 200 сая тонн нүүрс гаргах боломжтой” хэмээв.


Ашигт малтмалын нөөцийн хувьд нүүрс 33,2 тэрбум тонн, зэс 57 сая тн, хайлуур жонш 48,3 сая тн, алт 490 тн, газрын тос 332,6 сая тн, төмөр 1,2 тэрбум тонн гэсэн статистик байдаг аж.


Манай улс саяхан нүүрсний 3 төрлийн 10 гаруй дэд ангилалаа шинэчилж, шинэ стандартаар 4 төрлийн 20 ангилалтай болгожээ. Ингэхдээ гол худалдан авагч болох БНХАУ-ын стандартад ойртуулахыг хичээсэн аж. Уул уурхайн салбарынхан зөвхөн ухах, олборлохоос гадна Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 300 сая мод тарихаар амлалт аваад байгаа билээ.


Coal Mongolia” чуулганы маргаашийн хурлаар төмөр замын бүтээн байгуулалт, баяжуулалт, технологийн дэвшил, тогтвортой байдал, коксжих нүүрсний ирээдүй, зах зээлийн байдал, олон нийт, хариуцлагатай уул уурхай сэдвээр үргэлжилнэ. 




Related news