БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-09 09:34:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд П.М.Сингхийг хүлээн авч уулзан, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талаар санал солилцлоо.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй уг төслийн нэгдүгээр багц /ЕРС-01/ ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй, дараагийн багцуудын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил өрнөж байна. Төсөл хэрэгжүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллаж буй БНЭУ-ын Засгийн газар болон Элчин сайдад талархаж байгаагаа сайд Ж.Ганбаатар уулзалтын эхэнд тэмдэглэв.


Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд хоёр орны Засгийн газар, төрийн байгууллагууд ач холбогдол өгч, бүх талаар дэмжиж байгаа нь төслийг амжилттай хэрэгжүүлэх чухал нөхцөл болохыг талууд уулзалтын үеэр дурдав. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, бусад нөхцөл байдал нь сорилт болж байгаа ч төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай дуусгахад 2 тал хүчин чармайлт гаргаж хамтран ажиллахаа илэрхийлжээ.


Элчин сайд Сингхийг энэ сарын 19-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах “Уул уурхайн 7 хоног” чуулга уулзалт, үзэсгэлэнд оролцохыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар урьсныг тус яам мэдээлэв. 

Related news