БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-09-13 12:46:59

УЛААНБААТАР. /Xinhua/. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу Монгол Улсад есдүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар албан ёсны айлчлал хийв.


Айлчлалынхаа үеэр Ли Жаньшу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзаж, Г.Занданшатартай хэлэлцээ хийлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Ли Жаньшу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжиллаа.


Хятад, Монгол улсууд нь алтаар ч сольшгүй мөнхийн сайн хөрш орнууд гэдгийг Ли Жаньшу онцлоод, сайн хөршийн найрамдалт харилцааг хөгжүүлэх нь хоёр орны язгуур хийгээд урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байгааг тэмдэглэжээ.


Мөн Ши Жиньпин болон Монголын удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад-Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам өндөр түвшинд хүрч ахин дэвшсээр байгааг тэрбээр мөн онцлов.


COVID-19” цар тахал дэгдэж эхлэх үеэс хоёр тал халдвартай тэмцэх чиглэлд хамтран ажиллаж, бие биедээ хонь, цай бэлэглэсэн нь найрамдал нөхөрлөлийг илэрхийлэх түүхэн үйл явдал болсон гэв.


Хятад улс найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх хөршийн бодлогыг үргэлж баримталж, Монгол Улстай найрсаг хамтын ажиллагааны харилцаагаа идэвхтэй хөгжүүлсээр ирсэн. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ улам гүнзгийрүүлж, язгуур ашиг сонирхол, тулгамдаж буй томоохон асуудлаар харилцан бие биеэ тууштай дэмжиж, олон улсын болон бүс нутгийн асуудлаарх уялдаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талд хийгээд хоёр талд харилцан ашигтай хамтын ажиллагааг урагш ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа тэрбээр илэрхийлэв.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн мэндчилгээг БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дамжуулахыг хүсээд, Ши Жиньпин болон Хятадын Коммунист намын /ХКН/ удирдлага дор Хятадын онцлогтой социализмын төлөөх түүхэн ололт амжилт гарч байгаад Монгол Улс туйлын баяртай байгааг тэмдэглэжээ.


Монгол-Хятадын найрсаг хамтын ажиллагаа улс хоорондын харилцааны хөгжлийн үлгэр жишээ болж байгааг У.Хүрэлсүх онцлон тэмдэглээд, хоёр орон өндөр түвшний айлчлалын давтамжаа хадгалж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, олон салбарт харилцан солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, хоёр талын харилцааг улам өндөр түвшинд хүргэн ахиулж, хоёр орны хөгжил цэцэглэлт, Азийн тогтвортой байдлыг хамтдаа ахиулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын харилцан солилцоо нь Монгол, Хятадын сайн хөршийн найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг баяжуулахад чухал ач холбогдолтой юм гэж тэрбээр нэмж хэлжээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ Ли Жаньшу, эдийн засгийг хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлж, улс орноо хүчирхэгжүүлж, ард иргэдээ чинээлэг амьдруулах нь Хятад, Монголын нийтлэг зорилго бөгөөд хамтын ажиллагааны асар их нөөц бололцоо байгааг тэмдэглэжээ.


Мөн Хятад улс Монгол Улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоо, бодлогын харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, дэд бүтцийн холболтыг цаашид ахиулж, бүс нутгийн интеграцийн үйл явцыг ахиулахад бэлэн байна гэжээ.


Тэрбээр үргэлжлүүлэн, цар тахлын нөхцөлд хилийн боомтуудад гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх, ногоон эрчим хүчний чиглэлд хамтын ажиллагаа өрнүүлэх, хоёр орны хамтын хөгжил, харилцан ашигтай байдлыг хангахын тулд худалдааг өргөжүүлэх чиглэлд Хятад улс Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж хэлжээ.


Талууд мөн улс төрийн намууд, залуучууд, соёлын салбарын харилцан солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжтойг нэмж хэлсэн байна.


Л.Оюун-Эрдэнийн хувьд, Хятадтай сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монголын гадаадын бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглээд, Хятад улс хурдацтай хөгжиж байгаа нь Монгол хөгжил, сэргэлтэд томоохон боломж бололцоо болж байгааг тодотгожээ.


Мөн Монгол Улс эдийн засаг болон худалдаа, ложистик, боомт, нөөц баялаг, боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаа идэвхтэй гүнзгийрүүлж, Монголын “Шинэ сэргэлтийн бодлого” болон БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга хоорондын уялдаа холбоог ахиулахад бэлэн байна гэв.



Г.Занданшатартай хийсэн хэлэлцээний үеэр Ли Жаньшу хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон, ард түмэнд илүү их ашиг тусаа өгөх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ойр ойрхон харилцан айлчлал хийдэг сайн хөрш, харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулдаг сайн нөхөр, олон талт хамтын ажиллагааны түнш байх ёстой гэж хэллээ.


Хоёр орны хууль тогтоох байгууллага хоёр улсын удирдагчдын тохиролцсон чухал тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж, төрийн засаглал, хууль тогтоох үйл хэргийн туршлага солилцох ажлыг эрчимжүүлж, олон салбарт хоёр талын хамтын ажиллагааг ахиулах хууль эрх зүйн баталгааг хангах ёстой гэж тэрбээр хэлжээ.


Г.Занданшатарын хувьд, хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын найрсаг харилцан айлчлал нь хоёр орны харилцааны чухал хэсэг юм хэмээгээд, хууль тогтоох байгууллагууд тусгай хороод болон найрамдлын бүлгүүдийн хоорондын солилцоог гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.


Монгол, Хятадын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг ахиулах, хоёр орны ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэхэд Монгол Улсын Их Хурал хүчин чармайлт гаргахад бэлэн байгааг мөн тэмдэглэжээ. Ли Жаньшу Монголын талд удахгүй болох ХКН-ын 20 дугаар их хурлын талаар товч мэдээлэл өгсөн байна.


Монголын тал “Нэг Хятад” зарчмыг тууштай баримталж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ыг идэвхтэй дэмжиж, Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ түвшинд ахиулахад Хятадын талтай хамтран хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа тэмдэглэв. Монголын тал мөн ХКН-ын 20 дугаар их хуралд амжилт хүсжээ. 

Related news