Тайваньд хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2022-09-19 10:41:07

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/.  Ням гарагт Тайванийн зүүн хэсэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас нэг хүн амиа алдаж, 79 хүн бэртсэн гэж арлын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ. 


Газар хөдлөлтийн улмаас гүүр, зам, барилга байгууламж, дэд бүтэц эвдэрсэн байна. Хуалянь хошууны Юли сууринд цементийн үйлдвэрийн ажилчин нурангинд даруулж амиа алджээ. Тус сууринд мөн нэг давхарт нь “7-Eleven” сүлжээ дэлгүүр байрлаж байсан гурван давхар байшин нурж, дөрвөн хүн даруулсан байна. Тэднийг гаргаж авахын тулд аврагчид гурван цаг гаруй хугацаа зарцуулжээ. Түүнчлэн Гаоляо гүүрийн нурсан хэсгийн доороос дахин гурван хүнийг аварсан байна.


Газар хөдлөх үеэр Таоюань хотын Үндэсний спортын төвд бадминтоны заалны тааз хэсэгчлэн нурж, хэд хэдэн хүн гэмтсэн гэж өмнө нь мэдээлжээ.  Үүнээс гадна, Хуалянь хошууны Дунли өртөөнд хэд хэдэн галт тэрэг замаасаа гарсан байна. 


Мөн хэд хэдэн уулархаг бүс нутагт хөрсний гулгалт болж, чулуу нурсан нь олон зуун жуулчныг нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ.


Байгалийн гамшгийн улмаас зарим суурингийн цахилгаан хангамж тасалджээ. Эрх баригчдын мэдээлснээр, 72 сургуулийн барилга эвдэрсэн байна.


Related news