Биткоины ханш унажээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-09-20 14:12:01

ВАШИНГТОН. /CNBC/. Хөрөнгө оруулагчид бодлогын хүү улам өсөх төлөвтэй байгааг харгалзан эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийж байгаатай холбоотойгоор даваа гарагт биткоины ханш сүүлийн гурван сарын хамгийн доод үзүүлэлтэд хүрч унажээ.


Тодруулбал, дэлхийн хамгийн том криптовалютын ханш 5 орчим хувиар буурч, 18 276 ам.долларт хүрсэн нь зургаадугаар сарын 19-нөөс хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Наймдугаар сард 15 хувиар унаад байсан биткоины ханш ийнхүү хоёр дахь сардаа дараалан буурч байна.


Даваа гарагт эфириумийн ханш мөн 5 хувиар унаж, 1281 ам.долларт хүрчээ. Энэ нь долоодугаар сарын 15-наас хойш хамгийн доод үзүүлэлт болж байна. Эфириумийн ханш энэ сар гарсаар 13.8 хувиар буурсан нь зургаадугаар сараас хойших хамгийн их бууралт болжээ.


АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогоо үргэлжлүүлэн чангатгах төлөвтэй байгаагаас шалтгаалан эрсдэлтэй активууд асар их дарамтад ороод байгаа юм. Төв банк энэ долоо хоногт бодлогын хүүг 75 суурь нэгжээр нэмэгдүүлэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь жишиг хүүг 3-3.25 хувь хүртэл өсгөнө. 

Related news