Хүүхдийн сан Пакистанд тусламж үзүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-09-22 13:25:22

НЬЮ-ЙОРК. /DW/. Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф хоол хүнс, эм тарианы тусламж үзүүлэхийг уриалсантай холбогдуулан НҮБ-ын Хүүхдийн сан үерийн гамшигт нэрвэгдэгсдэд 39 сая ам.долларын тусламж үзүүлэхийг ахин уриалжээ.


Зүүн Азийн тус улсад үерийн гамшгийн улмаас усаар дамждаг халдварт өвчнөөр нас барах хүмүүсийн тоо нэмэгдэх болоод байгаа бөгөөд нийт 33 сая орчим хүн байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдэж, 1500 гаруй хүн амиа алдсан байна.


“Бидэнд тусламж хэрэгтэй байна. Хүүхдүүдэд хоол хүнс, эм тариа хэрэгтэй байна” гэж Ш.Шариф АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй НҮБ-ын Ерөнхий Ассамлейн чуулганы үеэр мэдэгджээ.


Пакистанд байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон зуун мянган хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрээд байгаа бөгөөд булчин задрах тахал, суулгалт, арьсны харшил, хумхаа, денге чичрэг, цусан суулга зэрэг халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй байна.


Лхагва гарагт Хүүхдийн сан гамшигт нэрвэгдсэн хамгийн эмзэг хүмүүст зориулан 39 сая ам.долларын тусламж үзүүлэхийг дахин уриалаад, одоогоор энэхүү тусламжийн гуравны нэг орчим нь цуглаад байгааг мэдээлжээ.


Хүүхдийн сангийн мэдээлснээр, Пакистанд 3.4 сая гаруй хүүхэд орон гэрээ орхиод байгаа бөгөөд үерийн улмаас 550 гаруй хүүхэд амиа алдсан байна. Иймд тусламж дэмжлэгийг ихээр нэмэгдүүлэхгүй бол илүү олон хүүхэд амь насаа алдах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.  


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индрээс лхагва гарагт дэлхийн хэд хэдэн удирдагч Пакистанд нүүрлэсэн үерийн гамшгийг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.


“Үерийн гамшигт нэрвэгдээд байгаа Пакистанд тусламж хэрэгтэй байна. Мөн Африкийн зарим оронд урьд хожид үзэгдээгүй ган гачиг нүүрлээд байна. Бидэнд хариу арга хэмжээ авах цаг бага байна. Уур амьсгалын хямрал нүүрлээд байгааг бид бүгд харж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгджээ.


Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухаригийн хувьд, уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг хөгжиж буй орнууд илүү их амсаж байгааг тодотгосон байна. “Африк болон бусад хөгжиж буй орнууд аж үйлдвэржсэн орнуудтай харьцуулахад хүлэмжийн хий харьцангуй бага ялгаруулж байгаа ч уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт хамгийн их нэрвэгдэж байна” гэж тэрбээр хэлжээ.


Мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мөн дэлхийн удирдагчдад хандан уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хямрал өнөө цагийн шийдвэрлэх асуудал болоод байгааг цохон тэмдэглэсэн юм. 

Related news