Н.К.Рерихийн “Шамбала” музейн хүндэт өргөмжлөлийн эзэд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГОлон Улсын Монголч Эрдэмтний 11 дүгээр Их хурлын хүрээнд Н.К.Рерихийн “Шамбала” музейн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, түүх соёлын үнэт өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ гарган ажилласан эрхмүүдэд Хүндэт өргөмжлөл гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Уг ёслолын ажиллагаанд Н.К.Рерихийн музейн үүсгэн байгуулагч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт Академич Ш.Бира, “Шамбала” музейн захирал, Анагаах ухааны доктор Б. Янжмаа, “Рерих, Ш.Бира” сангийн ерөнхий нарийн бичгийн дарга Филипп Хэмэнэс нар хүрэлцэн ирсэн юм.
Тус хүндэт өргөмжлөлийг Кристофер фон Герке, Санкт Петербургийн Н.К.Рерихийн музейн захирал Алексей Бондаренко, зураач сийлбэрч Пүрэвхүүгийн Норовсамбуу, Олон улсын шагналтан Гитарчин Александр Сага нар хүртлээ.
Н.К.Рерихийн “Шамбала” музейн түүхээс сонирхуулахад, 100 гаруй жилийн өмнө “Консулын дэнж” хэмээн алдаршсан энэ газар 1900 оны эхээр Оросын Консулын гэр бүл, гадаадын эрдэмтэн мэргэд амьдарч байсан юм. Түүхэн эх сурвалжаас үзэхэд энэ бяцхан байшинд Дэлхийн хэмжээний соёл, нийгмийн аугаа зүтгэлтэн, урлахуйн ухааны ид шидтэн, номч мэргэн, Н.К.Рерих гэр бүлийн хамт 1926-1927 онд найман сар орчим амьдарч, бүтээл номоо туурвин уран зургаа зурж байсан аж. Н.К.Рерих судлалыг Монголд хөгжүүлэх зорилгоор анх 2000 оноос энэхүү байшинг хамгаалалтад авах ажлыг эхлүүлж 2009 онд Н.К.Рерихийн “Шамбала” музейг нээсэн байна.
“Шамбала” музей нь нэрт эрдэмтний хүү Ю.Н.Рерихийн танхим, “Шамбала”, “Төв Азийн экспедицийн танхим” “Энх тайвны гэрээ” “Ю.Н.Рерих Ш.Бира нарын кабинет” гэсэн 5 танхимаас бүрдэх юм. Уг музей нь Сан хөмрөгтөө уран зураг, баримтат өв, түүхэн гэрэл зураг, биет дурсгалын 500 гаруй үзмэртэй түүхт байшин юм.
М.Дайриймаа
Гэрэл зургийг Т.Чимгээ