Герман, АНЭУ байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх тухай гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2022-09-26 09:55:05

МОСКВА. /interfax/. ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц ням гарагт Арабын Нэгдсэн Эмирт Улсад /АНЭУ/ айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч, шейх Мухаммад ибн Заид Аль Нахайянтай эрчим хүчний салбарын аюулгүй байдал, аж үйлдвэрийг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа гэж “Al-Arabiya” суваг мэдээлжээ.


Үүний зэрэгцээ Герман руу байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх гэрээг Абу-Дабигийн газрын тос, байгалийн хийн “Abu Dhabi National Oil Company” (ADNOC) компани "RWE" компанитай байгуулсан байна. ADNOC нь туршилтын хүрээнд байгалийн шингэрүүлсэн хийн эхний багцыг 2022 оны сүүлчээр нийлүүлэх бөгөөд Германы хойд хэсэгт орших Брунсбуттел хот дахь байгалийн шингэрүүлсэн хий хүлээн авах хөвөгч терминал руу шахна.


Өмнө нь О.Шольц эрчим хүчний эх үүсвэр нийлүүлэх тухай шинэ гэрээ байгуулахаар Персийн булангийн орнуудад айлчилсан байна. О.Шольц байгалийн шингэрүүлсэн хий нийлүүлэх гэрээ байгуулаад зогсохгүй шинэ технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж найдаж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан мэдээлэлд тэмдэглэжээ. Ялангуяа энэ нь байгаль орчинд ээлтэй устөрөгчийн үйлдвэрлэлтэй холбоотой юм.


Бямба гарагт Германы Канцлер Саудын Арабад айлчилжээ. Тэрбээр АНЭУ-д айлчилсныхаа дараа Дохаг зорих бөгөөд тэнд Катарын эмир, шейх Тамим бин Хамад Аль Танитай уулзана.


Related news