ХОВД: Булган хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-29 09:53:47

Ховд /МОНЦАМЭ/. Хилийн боомтын үйл ажиллагааг доголдолгүй явуулах, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцох зорилгоор Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 27-28-ны өдөр Булган, Байтаг боомтод ажиллалаа.


Хилийн
Булган авто замын боомт нь 1989 онд байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Хөх үзүүр багийн Ярант нэртэй газар байрладаг. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Чингэл хошуунд байрладаг Такашикэн боомттой хиллэдэг юм.

Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу олон улсын зэрэглэлтэй, байнгын горимтой боомт гэдгээрээ онцлогтой.

Харин хилийн Байтаг авто замын боомт нь 1992 онд байгуулагдсан. Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутагт байрлах бөгөөд БНХАУ-ын ШУӨЗО-ны Цонж аймгийн Читай хошуунд байрладаг Улиастай боомттой хиллэдэг. Хоёр улсын хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр талын зэрэглэлтэй, түр горимтой боомт юм.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хилийн боомтуудыг өргөжүүлэх, үйл ажиллагааг нь сэргээхэд анхаарч байгаа аж. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагын төлөөлөл хамтран дээрх боомтод ажиллав. 


БНХАУ-тай хиллэдэг Булган боомт одоогоор зөвхөн нүүрс тээвэр нэвтрүүлж байгаа. Цаашид нүүрс болон бусад ачаа эргэлтийг илүү нэмэгдүүлж, зорчигчдыг нэвтрүүлнэ. 

Ачаалал, урсгалыг тусгаарлах зайлшгүй шаардлага бий. Иймээс эхлээд Булган боомтыг өргөжүүлэхийг зорьж байна. Хилийн боомтыг өргөжүүлж, үйл ажиллагааг нь сэргээснээр зорчигч, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, Ховд аймаг төдийгүй бүс нутгийн эдийн засаг тэлэх боломж бүрдэнэ.

Одоогоор зураг, төсөв хийж байгаа. Батлагдахаас нь өмнө дахин нягталж, судалж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулсан гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Монгол Улсад 46 боомт үйл ажиллагаа явуулж буй.  

Related news