Францад томоохон хэмжээний ажил хаялт зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-09-29 11:48:48

ПАРИС. /Le Figaro/. Есдүгээр сарын 29-нд буюу өнөөдөр Францын олон хотын үйлдвэрчний эвлэлүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж, цалин хөлсийг нэмэгдүүлэхийг шаардан томоохон хэмжээний ажил хаялт зарлажээ.


“Le Figaro” сэтгүүлд мэдээлж буйгаар, ажил хаялт тээвэр, боловсрол, нийтийн үйлчилгээ гэх мэт салбаруудад нөлөөлнө.


Ажил хаялтад олон цэцэрлэг, бага сургууль, хичээлээс гадуурх сургалтын төв, ясли, коллеж, дунд сургуулийн багш нар оролцоно гэдгээ мэдэгджээ. 


Түүнчлэн дээд боловсролын байгууллагын холбоодыг ажил хаялтад нэгдэхийг уриалсан байна. 


Иль-де-Франс нийслэлийн бүсэд төмөр зам, метро, хотын галт тэрэг, мөн трамвай, автобус баазын ажилчид хэсэгчлэн ажил хаяна. 


Ажил хаялтын улмаас далайн тээврийн хөдөлгөөн мөн саатаж магадгүй байна. 


Энэхүү ажил хаялтад төрийн албан хаагчдыг ч оролцохыг уриалж байна. Тиймээс ажил хаялт хотын захиргаа, татварын төв, шуудангийн салбаруудын үйл ажиллагаанд нөлөөлж магадгүй байгаа аж. 


Францын Засгийн газар тэтгэврийн шинэчлэл хийхийг дэмжиж байгаа юм. Уг шинэчлэлд тэтгэвэрт гарах насыг 62-оос 65 болгож нэмэгдүүлэхээр тусгасан байна. Засгийн газар шинэчлэлийн төслийг ойрын өдрүүдэд өргөн барихаар төлөвлөжээ.  

Related news