Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2.9 хувиар нэмэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-09-30 07:24:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний 8 сард урьдчилсан гүйцэтгэлээр 12.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 352.2 (2.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.


Үүнд боловсруулах үйлдвэрлэл 297.3 (11.2 хувь) тэрбум, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 48.4 (5.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 14.2 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийнх хороо мэдээлэв.


Аж үйлдвэрийн үйлдвэрлэл энэ оны 8 дугаар сард 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 337.5 (18 хувь) тэрбум, борлуулалт 3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 263.7 (9.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний 8 сард урьдчилсан гүйцэтгэлээр 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.2 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр багасахад газрын тос олборлолт 318.1 (51.4 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.


Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт мөнгөний баяжмал, цайрын баяжмал олборлолтын биет хэмжээ 24.5 хувиас 2.1 дахин өсөж, харин алт, төмрийн хүдэр, хүрэн нүүрс, зэсийн баяжмал, чулуун нүүрс, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, газрын тос олборлолт өмнөх оны мөн үеэс 2.2–77.6 хувиар багасжээ.


Боловсруулах аж үйлдвэрийн цемент, спирт, ус, ундаа, жүүс, согтууруулах ундаа, ноолууран сүлжмэл эдлэл, шохой, самнасан ноолуур зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 1.3-83.8 хувиар өсөж, харин катодын зэс (99 хувь), шингэн сүү, гурил, амны хаалт, нүүрсэн шахмал түлш, янжуур тамхи, металл бэлдэц, малын мах, гар ариутгагч, баяжуулсан нүүрс зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.8–93.0 хувиар багасав. 


Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны эхний 8 сард урьдчилсан гүйцэтгэлээр 17.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 519.6 (3.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд боловсруулах үйлдвэрлэлийн борлуулалт 367 (10.7 хувь) тэрбум төгрөгөөр, уул, уурхай, олборлолтын салбарын борлуулалт 83.3 (0.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеийнхээс 83.3 (0.7 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд нүүрс олборлолтын салбарын борлуулалт 1.1 (37.8 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.


Гадаад зах зээлд дээрх хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 10 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 9.5 их наяд нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн борлуулалт байв. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын 59.7 хувийг металлын хүдэр олборлолтын, 36.3 хувийг нүүрс олборлолтын, 3.5 хувийг газрын тос олборлолтын салбар, 0.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) энэ оны 8 дугаар сард 152 (2015=100) болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.8 нэгж хувиар буурсан байна.

Related news