Японд шинэ автомашины борлуулалт өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-04 16:38:44

ТОКИО. /Kyodo/. Японд есдүгээр сард шинэ автомашины борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 24.1 хувиар өссөн нь сүүлийн 15 сарын хугацаан дахь анхны өсөлт болсон талаар тус улсын Автомашин худалдаалагчдын холбооноос /JADA/ даваа гарагт мэдээлжээ.


Гэсэн хэдий ч тухайн сарын борлуулалтын нийт хэмжээ 2019 оны мөн үеийн 70 орчим хувьтай тэнцэж байгаа нь цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очиход цаг хугацаа шаардлагатай гэдгийг харуулж байна.


Мөн мини тээврийн хэрэгслүүдийг оролцуулаагүй шинэ автомашины борлуулалт 17.8 хувиар өссөнөөр /242 024/ сүүлийн 13 сарын хугацаанд анх удаагаа өсөлт үзүүлсэн гэдгийг Автомашин худалдаалагчдын холбоо мэдээлжээ.


Тайланд дурдсанаар, өнгөрсөн сард томоохон есөн брэндийн бүгдийнх нь борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс өссөн бөгөөд “Toyota”-гийнх 26.3 хувиар өсөж, 113 328-д, “Mazda”-гийнх 60.5 хувиар өсөж, 13 202-т тус тус хүрчээ.


“Чипийн хомсдол, нийлүүлэлтийн сүлжээний саатал тасалдлаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл үргэлжилсээр байгаа тул эдгээрийг шинэ автомашины борлуулалтад хэзээнээс нөлөөлөхөө болихыг төсөөлөхөд хүндрэлтэй байна” гэж “JADA”-гийн төлөөлөгч мэдээлжээ.


Японд энэ оны есдүгээр сар хүртэлх зургаан сарын хугацаан дахь шинэ автомашины борлуулалтын хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.2 хувиар буурч, 1.92 саяд хүрсэн байна. 

Related news