Батарейн түүхий эдийн геологи, хайгуулын мэргэжилтэн ажиллуулах хүсэлтээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-02 09:21:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны томилолтын баг Geosciеnce Australia /Австралийн гео шинжлэх ухааны агентлаг/-ийн үйл ажиллагаатай танилцлаа.


Австрали улс геологи, хайгуулын салбартаа “Exploring for the Future” төслийг 2 үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд газрын гүн дэх эрдэс баялаг, гүний ус, эрчим хүчний талаарх шинжлэх ухааны шинэ мэдээ, мэдээллийг өмнө нь байгаагүй түвшинд авахын тулд тэргүүлэх эрдэмтэд инновацилаг техник, технологийг ашиглан судалгаа хийдэг. Арга зүйн хувьд геофизикийн судалгаа, геохимийн дээж, гидрологийн зураглал, давхарга зүйн өрөмдлөгийг ашиглан мэдээлэл цуглуулдаг байна.


Манай улсад энэ цогц судалгааг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байгаа учир хөтөлбөрийн агуулга, хүрсэн үр дүнгийн талаарх арга туршлагын тухай санал солилцлоо. Түүнчлэн уулзалтаар хайгуулын судалгааны нарийвчлал, энэ салбарт нэвтэрсэн орчин үеийн технологи, шинэлэг ололтуудыг Монголд нэвтрүүлэхэд тусламж үзүүлэн, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлснийг УУХҮЯ мэдээлэв. 


Мөн газрын ховор элемент, батарейн түүхий эдийн геологи, хайгуулын чиглэлийн мэргэжилтнүүдийг Монгол Улсад 3-6 сарын хугацаатай тогтмол урьж ажиллуулах, энэ чиглэлээр байгууллага хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлт тавьжээ


Related news