Боксчид Казахстан, Узбекистан, Энэтхэгийн араас 10 медальтай явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-08 14:00:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иордан улсын Амман хотод болж буй Ази тивийн боксын 2022 оны аварга шалгаруулах тэмцээний 1/4 буюу медалийн төлөөх тулаанууд энэ сарын 1-нээс 7-ны өдрүүдэд амжилттай боллоо.

 

Өнөөдөр тус тэмцээн завсарлаж, маргааш буюу лхагва гарагаас хагас шигшээ болон шигшээ тулаанаар үргэлжилж Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальтнуудаа тодруулна.

 

Тус тэмцээний мягмар гарагт болсон тулаан болон маргааш болох эмэгтэйчүүдийн хагас шигшээ тулааны талаар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ, олон улсын шүүгч Ц.Нандигжавын бичсэн дүгнэлт, сэтгэгдлийг та бүхэнд толилуулж байна.


 

Өчигдөр эмэгтэйчүүдийн 50 кг, эрэгтэйчүүдийн 71, 75, 80, 86, -92 +92 кг жингийн 28 тулаан болж Ази тивийн боксын АШТ-ий бүх 99 медалийн эзэд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 50 кг жинд Ази тивийн аваргын хүрэл медальт Б.Мөнгөнсаран 2014, 2016 онуудын дэлхийн аварга, Ази тивийн аварга Казахстаны боксчин Назым Кызабайтай маш ширүүн, тэнцүүхэн өрсөлдсөн тулаан хийж 3:2 харьцаатай оноогоор ялагдаж медалиас мултарсан нь харамсалтай байв.

 

Харин эрэгтэйчүүдийн 71 кг жинд ОУХМ Бямба-Эрдэнэ, БНСУ-ын боксчин Сон Сеокжуныг 3 үеийн турш илт илүүрхэж давамгайлан 5:0-ээр ялалт байгуулж тус тэмцээний Монголын шигшээ багийн 10 дахь хүрэл медалийн болзол хангалаа.

 

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнд эмэгтэй 12, эрэгтэй 13 буюу нийт 25 жинд 99 медалийн төлөө 30 орны 320 боксчид хүчээ сорьж байгаа юм.

 

Медаль авсан байдлаар нийт 15 орон медальд багтсаны дотор Казакстан 20, Узбекистан 12, Энэтхэг 12, Монгол 10 медальтай оролцогч орнуудыг хошуучилж явна. Өнөөдөр олон хүнд тулаан хийсэн тамирчид амардаг өдөр.

 

Маргааш буюу 11 дүгээр сарын 9-нд эмэгтэйчүүдийн, 10-нд эрэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд явагдаж аваргын төлөө өрсөлдөх боксчид тодорно. Хагас шигшээ буюу мөнгөн медалийн төлөөх тулаанд манай эмэгтэйчүүдээс 52 кг жинд Л.Алтанцэцэг Энэтхэгийн АТАШТ-д анх орж байгаа, 29 настай Минакшитай, 54 кг-д О.Есүгэн 2022 оны дэлхийн аваргын мөнгөн медальт, 25 настай Тайландын Жутамас Житпонгтой, 60 кг жинд Т.Номин-Эрдэнэ залуучуудын Ази тивийн хошой аварга, 2018 оны залуучуудын олимпын мөнгөн медальт Тайландын Понтип Буапатай, 63 кг жинд У.Шинэцэцэг 2022 оны дэлхийн аваргын хүрэл медальт, Өмнөд Азийн наадмын аварга  Энэтхэгийн Парвиинтай, 70 кг жинд Э.Эрдэнэтуяа, Токиогийн олимпын мөнгөн медальт Хятадын Гу Хонг-д олимпын ринг дээр ялагдсан, 21 настай Тайландын боксчин Бейсон Маниконтой тус тус өрсөлдөж авхаалж самбаа, хүч техникээ сорино.

 

Мөн Токиогийн олимпын аварга Японы Ирие Сена, Тайванийн Циао Вен Хуанг, Филиппиний Нести Петисио, Казахстаны Назым Кызабай нарын дэлхийн аваргууд, Токиогийн олимпын хүрэл медальт Японы Цукими Намики, Дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга Солонгосын Ёонжи Оо, дэлхийн аваргын мөнгөн медальт Казакстаны Жайна Шекербекова, олимпын хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Дарига Шакимова зэрэг алдартай, шилдэг тамирчид энэ өдөр рингэнд гарч тулалдана.

Related news