“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 584 дэх төслийг Сүхбаатар аймагт хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-14 12:37:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ЕБС-ийн засварын төсөл” хэрэгжүүлэхээр боллоо.


Энэхүү төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат нар гарын үсэг зурав.

Төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ЕБС-ийн Б байранд их засварын ажил хийх юм. Тус байрны дээв 2019 онд хүчтэй салхины улмаас эвдэрч дусаал гоождог болсноос гадна модон цонхоор нь гаднаас хүйтэн агаар нэвтэрч, өвлийн улиралд тохиромжтой өрөөний температурыг хадгалж чаддаггүй болсон зэрэг асуудлууд тулгараад байжээ. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болох юм.


Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 584 дэх, Сүхбаатар аймагт хэрэгжих 14 дэх төсөл болж байгаа юм.


Энэхүү төслийн санхүүжилт олгох төсвийн дээд хязгаар нь 238.923 ам.доллар буюу 743.530.700 төгрөг юм. 


“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад голлох үүргийг гүйцэтгэдэг.



Related news