“Дэлхийн хүүхдийн өдөр”-ийг 130 гаруй улсад тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-11-21 10:09:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдсэн Үндэстний байгууллага /НҮБ/-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/-гаас жил бүрийн 11 дүгээр сарын 20-ны өдрийг “Дэлхийн хүүхдийн өдөр” болгон тэмдэглэхийг уриалж, өдгөө дэлхий даяар 130 гаруй орон уриалгад нэгдэн, тэмдэглэж байна.


НҮБ-ын “Хүүхдийн эрхийн конвенц” батлагдсан энэ өдрийг улс орнууд #GoBlue аяны хүрээнд  хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо өргөх, хүүхдийн асуудалд анхаарал хандуулахыг уриалсан төрөл бүрийн ажил зохион байгуулдаг юм. Энэ жишгээр Соёлын яам Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хоёр дахь жилдээ #GoBlue үйл ажиллагааг тэмдэглэлээ. Энэ жил дээрх санаачилгад “Зайсан Хилл” цогцолбор, “Монголын Скаутын холбоо” нэгдэж, хамтран зохион байгуулсан бөгөөд хүүхдүүдэд эрхийг нь сануулах, хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийх амлалтуудаа өгсөн юм.

#GoBlue нээлтэд Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Еваристе Коуасси Комлан нар оролцов.

Дэлхийн хүүхдийн өдөр тохиож буйтай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч ноён Комлантай уулзаж хүүхдийн эрх, соёлын хүртээмж, оролцоог нэмэгдүүлэх, бодлогын баримт бичгүүддээ тусгасан хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, соёлын боловсрол, хүртээмжийг нэмэгдүүлэхэд Хүүхдийн сантай бодлогын хэмжээнд хамтран ажиллахаа дахин илэрхийллээ.

Мөн Монгол Улсын Соёлын яам Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 3 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарч, хүүхдийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, манлайлалтай ажиллахаа амлан, тодорхой уриалгуудыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд Соёлын сайд Ч.Номин 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Салбарын хэмжээнд хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж, соёлын салбарын байгууллагууд:

1.“Хөшиг нээгдэх бүрд-хүргэх нэг үг” уриалгыг хэрэгжүүлж соёл, урлагийн үзвэр, үйлчилгээ, соёл, олон нийтийн ажил бүрийн эхэнд Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд үүргийг сануулсан уриалга хүргэж,

2. Соёл, урлагийн үзвэр, үйлчилгээний худалдаалагдсан тасалбарын орлогын 1 хувийг өөрийн байгууллагын хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой үр дүнд хүрэхүйц төсөл, арга хэмжээнд зарцуулан ажиллаж байна.



Related news