ОУИХБ-ын Ерөнхий Ассамблейн 25 дугаар хуралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2022-11-29 16:44:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн 25 дугаар хуралдаан энэ сарын 24-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотноо боллоо.


Хуралдаанаар Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагаас 2021-2022 онд гишүүн улсуудын хэрэгжүүлсэн ажил, сургалт, семинар, хүмүүнлэгийн тусламжийн талаар танилцуулж, 2023-2024 онд хэрэгжүүлэх ажил, үйл ажиллагаа болон төсөв, санхүүжилтийн талаар хэлэлцэв. Мөн энэ үеэр Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж, шинээр байгуулагдсан Гүйцэтгэх зөвлөлд 14 улс ажиллахаар боллоо. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн даргаар Тунис Улс 2 жилийн хугацаатайгаар сонгогдов.


Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн 25 дугаар хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагын Ерөнхий Ассамблейн хуралдаан нь 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд Монгол Улс Олон улсын иргэний хамгаалалтын байгуулллагад 1992 онд ажиглагч гишүүн, улмаар 2002 онд албан ёсны гишүүнээр элсэж, өнөөг хүртэл идэвхтэй хамтран ажиллаж байна.


Related news