“Tesla” Хятадын зах зээлээс 435 мянган автомашинаа эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-12-02 16:08:14

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани арын гэрлийн доголдлыг засах шинэчилсэн программ хангамж суулгахын тулд Хятадын зах зээлээс 435 мянга гаруй автомашинаа эргүүлэх татахаар төлөвлөж байгаа талаар Хятадын Зах зээлийн зохицуулалтын газраас пүрэв гарагт мэдээлжээ.


Тодруулбал, “Model 3” загварын 142 277 автомашин, “Model Y” загварын 292 855 тээврийн хэрэгслийг арын гэрэл унтрахтай холбоотой программ хангамжийн доголдлын улмаас эргүүлэх татах төлөвтэй байна. Жолооч нарын аюулгүй байдалд ийм доголдол нь аюул учруулж байгааг албаны төлөөлөгчид хэлжээ.


Өнгөрсөн сард “Tesla” АНУ-ын зах зээлээс 321 мянга гаруй автомашинаа дээрхтэй ижил шалтгаанаар эргүүлэн татсан юм. Тус компани доголдлыг засах шинэчилсан программ хангамжийг зайнаас суулгана.


Хятад нь “Tesla” компанийн хамгийн том зах зээлүүдийн нэг бөгөөд томоохон үйлдвэр нь Шанхай хотод байрладгаас гадна Хятадад үйлдвэрлэгдсэн автомашинуудынх нь борлуулалт сүүлийн саруудад шинэ дээд үзүүлэлтэд хүрэх болоод байгаа юм.


Гэхдээ Илон Маскийн автомашин үйлдвэрлэгч компани Хятадын “BYD” болон “XPeng”, “Nio”, “Li Auto” зэрэг гарааны компаниудын хүчтэй өрсөлдөөнтэй нүүр тулгарах болжээ. 2023 онд цахилгаан автомашин үйлдвэрлэгчид зах зээлд нийлүүлэх тээврийн хэрэгслүүдийнхээ тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Related news