Хятадад хэт халууны улмаас эрчим хүчний хэрэглээ урьд байгаагүйгээр өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 19 /Reuters/. Хятадын өргөн уудам газар нутгийг хамарсан хэт халуун агаар цахилгаан эрчим хүчний эрэлтийг урьд байгаагүй хэмжээгээр нэмэгдүүлжээ. Зарим бүс нутагт 40 хэм хүрч халсан байна.
Энэ долоо хоногт Хятадад эрчим хүчний нэг өдрийн ачаалал анх удаагаа 1.5 тэрбум кВт-аас давсан байна. Тус улсын эрчим хүчний газраас мэдээлснээр, энэ нь долоодугаар сард бүртгэгдэж буй гурав дахь удаагийн оргил үзүүлэлт юм. Оргил ачааллын шинэ дээд үзүүлэлт нь өнгөрсөн жилийнхээс 55 сая кВт-аар өссөн байна.
Хятадын Үндэсний цаг уурын албанаас мэдээлснээр, далайн гадаргуу дээр ажиглагддаг эсрэг циклоны нөлөөгөөр сүүлийн өдрүүдэд баруун хойд болон баруун өмнөд мужуудын цаг уурын найман станцад агаарын температурын дээд үзүүлэлтүүд бүртгэгджээ. Мөн зуны эхнээс хойш Хятадын мужуудад 36 удаа бүс нутгийн температурын рекорд шинэчлэгдсэн байна.
Хэт халалт эрчим хүчний сүлжээний ачаалал нэмэгдэх болсны гол шалтгаан болсон байна. Халуун агаар Чунцин хотоос эхлээд эргийн Гуанжөү хот хүртэлх 200 гаруй сая хүн амтай өргөн бүс нутгийг хамарчээ.
"Одоогоор эрчим хүчний систем ачааллаа дааж байгаа ч жинхэнэ сорилтын үе хараахан эхлээгүй байна. Цаашид эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт хийх эрсдэл байсаар байгаа" гэж “The Economist Intelligence Unit”-ийн эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ахлах шинжээч Чим Ли хэллээ.
Хэт халалт нь тариалангийн талбайг сүйтгэж, тариаланчдын орлогыг бууруулаад зогсохгүй аж үйлдвэрийн төвүүд, боомтуудын үйл ажиллагааг доголдуулж, мөн эрүүл мэндийн салбарын ачааллыг нэмэгдүүлж болзошгүй байна.
Гэхдээ хэт халуун цаг агаар хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэхэд нөлөөлж байгаа ажээ. Хятадын JD.com интернэт компанийн мэдээллээр, долоодугаар сард хүйтэн үлээгч болон гар сэнсний борлуулалт өмнөх сарынхаас 112 ба 103 хувиар тус тус өсжээ. Бүгчим халуунд хүмүүс мөн сэрүүцэх газар хайж байгаа тул нийтийн хоолны салбарт ч эрэлт өссөн байна.