БАЯНХОНГОР: Баяр ёслолыг "Архигүй тэмдэглэх" уриалгыг залуус дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-12-14 13:50:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Залуучуудын холбооноос аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус 170 гаруй байгууллагад Архигүй шинэ жил тэмдэглэх уриалгыг хүргүүлжээ. Тодруулбал, тус холбооноос хамт олноороо байгууллагын соёлыг түгээж, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалан зөв үлгэрлэлийг ирээдүйдээ илгээх дархлаатай, эрсдэлгүй баярладаг байгууллага болохыг уриалсан Ил захидлыг байгууллага бүрд илгээжээ.

Уриалгад байгууллагын хүний нөөцийг залуучууд голчлон бүрдүүлж байгааг дурдаад, "Байгууллагын шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа “Шинэ үеийн залуусын сонголт архи биш” болсныг хүндэтгэж, хамт олноороо халуун дулаан, эрүүл харилцаатай баярлах зорилгоор

-Байгууллагын шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах;
-Хэрвээ танай хамт олон баярын үйл ажиллагаа тодорхой түвшинд согтууруулах ундааны соёлтой хэрэглээ байх ёстой гэж үзвэл 18 хувиас бага спиртийн агууламжтай согтууруулах ундааг сонгох;
-Баярын үеэр зохион байгуулах уралдаан, тэмцээний шагналд согтууруулах ундааг сонгохгүй байх"-ыг уриалсан байна.

Уриалгад нэгдэх байгууллагууд бусдыгаа уриалсан дүрс бичлэгийг байгууллага хамт олноороо хийх, QR код бүхий цахим судалгаанд хамрагдаж дээрх бичлэгийг илгээх юм байна. Одоогоор 10 шахам байгууллага дээрх уриалгад нэгдэхээ илэрхийлээд байгаа аж.


Ташрамд дуулгахад, 100 грамм архийг эрүүл хүний элэг тасралтгүй 20 цаг ажиллаж байж хоргүйжүүлдэг. Архийг нэг удаа согттол уух үед 8000-20000 мэдрэлийн эс гэмтэж, эргэж нөхөн төлжихгүйгээр үхэждэг байна. Архи нь хүчирхийллийн гол эх үүсвэр болж хүний араншинг өөрчлөн, ой тогтоолтыг бууруулан, мартамхай болгож, мэдрэлийн ядаргаанд оруулахаас гадна ухамсар болоод эрүүлээр сэтгэн бодох чадварыг арилгадаг.
Согтууруулах ундааны соёлтой хэрэглээг бий болгох зорилгоор спиртийн агууламжийг бууруулах зохицуулалтыг дэлхийн хөгжингүй улс орнууд түгээмэл ашиглан улмаар бага градус бүхий сонголтыг хийснээр хэт согтолт багасч, архины хамаарал буурах нөлөөллийг бүрдүүлж байна.

Related news