БУЛГАН: Амжилт гаргасан тамирчдад хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-12-20 11:28:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ энэ онд дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчдад урамшуулал олголоо.

Шрим бөхийн Дэлхийн аварга Д.Тамир, Дэлхийн аваргын мөнгөн медальт Х.Цогтгэрэл, Пауэрлифтингийн Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Ш.Бат-Эрдэнэ, хүрэл медальт Б.Одон, Пара буудлагын Дэлхийн аваргын алтан медальт Г.Ганзориг, Кик боксын Дэлхийн аваргын хүрэл медальт О.Баярцэнгэл, Гандболын залуучуудын улсын аварга баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар урамшуулсан байна.

-2022 онд Холбооны Бүгд Найрамдах Бразил улсад зохион байгуулсан зуны дифлимпийн 24 дүгээр наадам, Бүгд Найрамдах Франц улсад болсон хөнгөн атлетикийн гран-при тэмцээн, Армен улсын Ерван хотод болсон залуучуудын дэлхийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд оролцсон тамирчид, дасгалжуулагчдад нийт 13.8 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, тамирчдын туршлага судлах, бэлтгэл сургууль хийх, тэмцээн уралдаанд оролцох боломжоор хангажээ. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд дэлхий, олон улс, бүс, аймгийн чанартай уралдаан тэмцээнд оролцогсдын тоо өмнөх жилүүдээс 20-30 хувиар нэмэгдэж, үзүүлсэн амжилтын дүнгээр улсын хэмжээнд 4-р байрт жагсаж байна гэж аймгийн Биеийн тамир спортын газрын албаны дарга Л.Ганболд ярилаа.

Аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрт биеийн тамир, их спортыг дэмжихээр тусгасан зорилтоо хэрэгжүүлэн аймгийн өсвөрийн шигшээ багийг спортын 12 төрлөөр байгуулж, шигшээ багийн гурван багш дасгалжуулагчийг бэлтгэж, улс, бүсийн чанартай 19 төрлийн уралдаан тэмцээнд давхардсан тоогоор 947 тамирчин оролцож, алт 22, мөнгө 24, хүрэл медаль 22 нийт 68 медаль хүртсэн амжилтыг энэ онд үзүүлээд байна.

Related news