ШУА-иас эрхлэн гаргадаг танин мэдэхүйн цуврал номын нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-12-27 12:57:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал  бичиж, хэвлүүлж өнөөдөр нээлтээ хийлээ.  

Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

ШУА-ийн эрдэмтдийн энэ онд гаргаж буй цуврал нь “Энергийн гайхамшиг ба түүний хэлбэрүүд”, “Нобелийн шагналт Морин шарилж”, “Гүн сургалт”, “Од, Одны хувьсал”, “Эрчим хүчний нөөцлүүр”, “Байгалийн цеолит ба түүний хэрэглээ”, “Темперамент хэв шинжийг үлгэрээр дүрслэх нь”, “Монголчуудын цагаан сар”, “Атомын тухай ярилцъя”, “Улс төрийн соёлын тухай”, “Нефть, түүний найрлага, шинж чанар, боловсруулалт”, “Нүүрс-хар алт”, “Үгийн өвгөн утгын таяг тулмуй”, ”Монгол шагайн наадгай” зэрэг сэдвээр бичигджээ. 2015 оноос хойш тогтмол хэвлэгдэж буй энэхүү  хялбаршуулсан номын тоо өнөөдөр ийнхүү 95 болж баяжигдаж нийтийн хүртээл болж байна

ШУА-иас эрхлэн 2022 онд шинээр хэвлэн олны хүртээл болгож  буй Танин мэдэхүйн цуврал бүтээлийн товч агуулгыг танилцуулбал:

Танин мэдэхүйн цуврал-82:  Зохиогч  академич Д.Содномдорж 

“Энергийн гайхамшиг ба түүний хэлбэрүүд”   ​ “Энерги” гэж юу болох, эрдэмтэн судлаачдын сонирхлыг сүүлийн 100 орчим жилийн турш татсаар ирсэн орчлон ертөнцийн энергийн бүтэц, түүний дөрвөн хэлбэрийн талаарх судалгаа, түүний оршин буй хэлбэрүүд, энерги нэг хэлбэрээс нөгөөд хэрхэн хувирч байдаг, энергийн гайхамшигтай шинж чанарууд болон орчлон ертөнцийн энергийн бүтцийн талаар  энэхүү номоос та бүхэн сонирхон үзээрэй.

Танин мэдэхүйн цуврал-83: Зохиогч Оюунбилиг (PhD)​ Д.Өсөхжаргал (PhD), ​О.Хонгорзул (PhD)​

”Нобелийн шагналт морин шарилж”

Морин шарилжийг эртнээс азийн уламжлалт анагаах ухаанд хорь гаруй өвчнийг анагаахад ашиглаж ирсэн бөгөөд сүүлийн хагас зуунд, хумхаа өвчний эсрэг морин шарилжид агуулагдах гол үйлчилгээтэй бодис болох артемизининыг нээн илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн Юу Юу Ту нь 2015 онд физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн байна.​

Гайхамшигт Морин шарилжийн тухай ойлголт, уламжлалт хийгээд орчин үеийн судалгаа, ач холбогдол, хэрэглээ, хэрхэн тариалах талаар шинжлэх ухааны баримтаар баяжуулан таниулжээ.

​Танин мэдэхүйн цуврал-84:  Зохиогч Э.Соджамц (MA)​Ууганбаатар (PhD)​

“Гүн сургалт”

Гүн сургалт нь тархины ажиллах зарчмаас санаа авсан нэг төрлийн математик загвар бөгөөд өгөгдөл дээр тулгуурлан хамгийн магадлал өндөртэй шийдвэрийг таамаглах зорилготой нейроны сүлжээ ашигладаг Хиймэл Оюуны салбарын чиглэл юм.​

Гүн сургалт гэж юу болох, үүсэл, хөгжил, ажиллах зарчим, сургалтын төрлүүд, хэрэглээ, сургалтыг сайжруулах аргууд, өгөгдлийн тухай маш сонирхолтой, содон мэдээллүүдийг агуулжээ. ​

​ Танин мэдэхүйн цуврал-85:  Зохиогч Д.Батмөнх (PhD)​

“Од, одны хувьсгал” ​

Бидний оршин буй галактикт 100 гаруй тэрбум од байна.  Од олон тэрбум жил амьдравч хувьсан өөрчлөгдөн мөхдөг, оддын мөхөл дараагийн шинэ залуу од бий болох нэгэн бүрэлдэхүүн хэсэг болон үргэлжилдэг тухай, одны хэмжигдэхүүн, хэмжээ, масс, ангилал, дотоод бүтэц, хувьслын талаар энэхүү номоос үзээрэй.

 ​​Танин мэдэхүйн цуврал-86: Зохиогч Г.Пүрэвдорж (PhD)​

“Эрчим хүчний нөөцлүүр” ​

Эрчим хүчний салбарт нэвтэрч байгаа орчин үеийн оюуны багтаамж өндөртэй шилдэг техник, технологийн тухай анхны мэдэгдэхүүнийг энэхүү номоос аваад зогсохгүй цахилгаан химийн аргаар эрчим хүч нөөцлөх арга, төхөөрөмж, нөөцлүүрийг ашиглах, туршлага зэргийг судлах боломжтой. ​

Танин мэдэхүйн цуврал-87 Зохиогч: Ц.Болортамир (PhD)​

“Байгалийн цеолит ба түүний хэрэглээ” Байгалийн цеолитын бүтэц, шинж чанар, түүний ион солилцлын багтаамж, технологи хэрэглээний тухай ойлголт болон Монгол орны цеолитын нөөц, судлагдсан байдлын талаар уншаарай.​

Танин мэдэхүйн цуврал-88:  Т.Энхнаран, Т.Ганцэцэг (PhD)​, Ж.Оюунсүрэн 

“Темперамент хэв шинжийг үлгэрээр дүрслэх нь” хувь хүний бие-сэтгэцийн олон онцлогуудын нэг нь темперамент буюу зан чанарын тухай, бие хүний онцлогийн тухай эртний үзэл санаануудыг орчин үеийн судалгаатай хослуулан бичсэн. ​

Тархи судлал, сэтгэл судлал, темперамент, түүний тухай үлгэр, хүүхдийн темперамент тодорхойлох арга зэргийг судлаачдын дэвшүүлсэн таамаглал, онолуудыг тайлбарласан зарим судалгааны талаар эндээс сонирхоорой.​

Танин мэдэхүйн цуврал-89: Зохиогч  Г.Бямбарагчаа), Ч.Мөнхтөр   

“Монголчуудын цагаан сар”

Монголчуудын уламжлалт цагаан сар-ёслол нь Монгол үндэстний өнгөрсөн түүхийг эргүүлэн санах монгол үндэсний төрт ёсны түүхэн уламжлалыг хадгалсан хамгийн том үндэсний баяр болохын хувьд бичиг сурвалжид анх тэмдэглэгдсэнээс эхлээд жуулчдын тэмдэглэл, битүүлэх ёс, шинэлэх ёс, бэлэг солилцоо, хөөрөг зөрүүлэх, уламжлалт тоглоом наадгайн талаар бичжээ.​

Танин мэдэхүйн цуврал-90: Зохиогч  Ц.Цогбаяр (PhD)​

 “Атомын тухай ярилцья” ​

Материйг бүрдүүлэгч үндсэн нэгж болох атом болон түүний доторх цэнэгт эгэл бөөмс, түүнчлэн химийн элементүүдийг эрэмбэлэх ерөнхий зүй тогтлын тухай ойлголтыг багтааж, атомын тухай анхны ойлголт, бүтэц, квант онол, Борын дэвшүүлсэн атомын загварын талаар эндээс уншаарай.​

Танин мэдэхүйн цуврал-91: Зохиогч  О.Хатанболд (PhD),​ А.Хишигдаваа (PhD)​

“Улс төрийн соёлын тухай”​

Улс төр гэж юу болох, түүний соёлын үүсэл хөгжил, улс төрийн систем, төр, орчин цагийн монголчуудын улс төрийн соёлыг ойлгох ойлголт, улс төрийн нам, сонгуулийн үйл явц зэрэг цогц ойлголтын талаар үзэх боломжтой.

Танин мэдэхүйн цуврал-92: Зохиогч  Б.Хулан (PhD)​, Б.Ганцэцэг (PhD)​

 “Нефть шингэн алт”​

Дэлхийн эдийн засгийн өртгийг тодорхойлогч “шингэн хар алт” хэмээн нэрлэгдэх нефть гэж чухам юу болох, найрлага шинж чанар, улмаар тэдгээрийн боловсруулалтын дүнд түлш шатахуун, химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрхэн гарган авах тухай мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй бичжээ. ​

Танин мэдэхүйн цуврал-93: Зохиогч  Г.Шийрав (PhD)​

“Нүүрс хар алт” Монголчуудын нүүрс ашиглаж ирсэн түүх, нүүрсний үүсэл, хуирал, шинж чанар, яагаад хар алт хэмээн нэрлэх болсон тухай энэхүү номоос үзээрэй.​

Танин мэдэхүйн цуврал-94: Зохиогч Ж.Бат-Ирээдүй (PhD)​

“Үгийн өвгөн утгын таягт тулмуй”

​Монгол хэлний хэлц хэллэгүүдийн утга, хэлц өгүүлбэрийн утга, хэрэглээ, ангилал, утгын тайлал зэргийг эндээс үзээрэй.​

Танин мэдэхүйн цуврал-95: Зохиогч  Г.Батмөнх, Б.Мөнх-Эрдэнэ 

“Монгол шагайн наадгай”​

Монголчуудын уламжлалт наадгай болох шагайн наадгайн үүсэл хөгжил, холбогдолтой аман наадгай, төрөл зүйлийн талаар  уг номоос сонирхоорой.​

Ташрамд дурдахад, эдгээр  цуврал ном  нь гадуур номын дэлгүүрээр худалдаалагддаггүй бөгөөд ЕБС-иудийн номын сангаар тараагдан хүүхэд багачуудын гар дээр очдог юм.




Related news