Үндсэн хуулийн өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-01-10 15:22:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, БШУЯ хамтран Үндсэн хуулийн өдөрт зориулан шинэ Үндсэн хууль, түүний ач холбогдлыг оюутан залуучуудад таниулах, Үндсэн хууль судлалыг хөгжүүлэх зорилгоор эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордонд өнөөдөр зохион байгууллаа.


Эрх зүйч мэргэжлээр дотоодын их, дээд сургуулийн гурваас дээш түвшинд суралцаж буй оюутнууд, удирдагч багш нарын хамт энэхүү эрдэм шинжилгээний хуралд оролцсон юм. Эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг дотоодын 14 их, дээд сургуулийн 5600 гаруй оюутны төлөөлөл болгон шилдэг найман илтгэлийг өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар оюутны эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлэхдээ,УИХ-аас Үндсэн хуулийн өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулдаг ажлын нэг нь эрдэм шинжилгээний хурал байдаг юм. Үндсэн хууль судлалыг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын бүтээлийг олны хүртээл болгох, Үндсэн хуулийн боловсролыг түгээх бидний зорилгод энэ нь чухал ач холбогдолтой. Оюутны эрдэм шинжилгээний ажил гэдэг бол ирээдүйн эрдэмтэн мэргэдийг өсгөн бойжуулах лаборатори юм. Оюутан ахуйгаасаа судалгаа шинжилгээний ажилд шамдаж, онолын мэдлэгээ баталгаажуулж, туршилт сорилт хийж, арга зүйг эзэмших нь нэн чухал үнэ цэнтэй. Монгол Улсын Их Хурал судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч нотолгоо, дүгнэлтэд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааг хөгжүүлэхийг стратегийн зорилтоо болгож тунхагласан. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд оюутан залуус та бүхний эрдэм судлалын ажил хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.  

“Үндсэн хууль гэж юу вэ” гэсэн тодорхойлолтыг судлаачид олон талаас нь тайлбарладаг. Гэхдээ аливаа улсын Үндсэн хууль нь тухайн улсынхаа нийгэм, эдийн засаг, төрийн байгууламж, тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан үндэс суурь, гол хууль гэдэгтэй үндсэндээ санал нийлдэг.  Үндсэн хууль эрх зүйн дээд хүчин чадалтай акт байж, улсынхаа нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын үндсийг тодорхойлдгийн хувьд улс орны хөгжлийн бодлогын аливаа баримт бичиг нь Үндсэн хуульд зайлшгүй нийцэж, түүнд үндэслэн гарах учиртай. Чухам тийм ч учраас энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлыг “Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдвээр зохион байгуулж байгаа юм” хэмээн онцлоод оролцогчдод амжилт хүслээ.

“Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ ирүүлсэн оюутнууд Үндсэн хуулийн оршлын утга учраас эхлээд Үндсэн хуулийн хяналт буюу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дүн шинжилгээ хийх хүртэл өргөн сэдвийг сонгож авсан байлаа.

“Үндсэн хууль ба Монгол Улсын хөгжлийн зорилтууд” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн шилдэг найман оролцогч болон удирдагч багш нарт батламж гардуулав.


Эрдэм шинжилгээний хурлыг хааж УИХ-ын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар хэлэхдээ, “Оюутнууд маань эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга, аргачлалд сайтар суралцаж, онолын өндөр мэдлэг хуримтлуулж, дүн шинжилгээ хийх чадварыг сайтар эзэмшиж буй нь илтгэлүүдээс харагдлаа. Олон сонирхолтой сэдвийг хөндөж, зайлшгүй анзаарч анхаарвал зохих чухал санаануудыг дэвшүүлж, дүгнэлт зөвлөмжөө ч оновчтой илэрхийлж байна. Хууль тогтоох дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох үйл ажиллагаа, сонгодог парламентыг төлөвшүүлэх Стратеги зорилт дэвшүүлээд байгаа. Энэ зорилгод оюутан залуусын оролцоо чухал. Тиймээс Та бүхэнтэйгээ цаашид хамтран ажиллахдаа Улсын Их Хурлын Тамгын газар ямагт баяртай байх болно” хэмээгээд энэхүү эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Парламентын судалгаа, шинжилгээ” сэтгүүлд эмхэтгэн нийтэлж, олны хүртээл болгоно гэв.




Related news