"Орос-Монгол” оюутны хотхоны барилгын ажил 2024 онд эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
odondarjaa@montsame.gov.mn
2023-01-18 12:31:30

УЛААН-ҮД. /baikal-daily/. ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод Орос, Монголын оюутнуудад зориулсан хотхоны барилгын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөжээ.


Энэ талаар Буриад улсын тэргүүн Алексей Цыденов ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд Айрат Гатиятовтой Москва хотноо уулзсаныхаа дараа "Telegram" сувгаараа мэдээлжээ.


“Улаан-Үд хотын их, дээд сургуулиудын оюутнуудын дундын хотхон барих төслийн асуудлаар дэд сайдтай уулзлаа.  Энэ төсөл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа бөгөөд одоогийн байдлаар инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хийгдэж эхлээд байна. Барилгын төсөл боловсруулахад шаардагдах хөрөнгийг төсөвлөсөн байгаа, барилгын ажлыг ирэх оноос эхлүүлнэ” гэж А.Цыденов мэдээлсэн байна. 


Оюутны шинэ хотхон баригдсанаар юуны түрүүнд оюутан, элсэгчдийн сурч боловсрох таатай нөхцөл бүрдэж, нутгийн залуусын бүс нутагтаа суралцах сонирхлыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн шинэ хотхон нь хөрш зэргэлдээ орнуудаас элсэгчид, гол төлөв Монголын сургууль төгсөгчдийг татах зорилготой гэж Буриадын тэргүүн урьд нь сэтгүүлчдэд мэдээлж байв. 


“Орос-Монгол” хотхоны бүтээн байгуулалт нь Улаан-Үд хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байна. 

Related news