Чехийн ерөнхийлөгчийн сонгуульд П.Павел ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-01-29 11:43:47

ПРАГА. /CTK/. Бүгд Найрамдах Чех Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн баасан, бямба гарагт явагдсан хоёрдугаар шатны санал хураалтад чөлөөндөө гарсан генерал Петр Павел ялсныг бямба гарагт танилцуулсан сонгуулийн албан ёсны дүн харууллаа.


Тодруулбал, П.Павел 3.36 сая сонгогчийн буюу нийт сонгогчдын 58 хувийн саналыг авсан бол Ерөнхий сайд асан Андрей Бабиш 42 хувийн санал авсан байна. Сонгуулийн ирц 70.25 хувьтай байсан нь ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт боллоо. 


Өдгөө 61 настай П.Павел нь НАТО-гийн цэргийн хорооны даргын албыг хашиж байсан бөгөөд түүнийг одоогийн эрх баригч засгийн газрын эвсэл дэмжиж байсан юм. Харин "Сэтгэл ханамжгүй иргэдийн хөдөлгөөн" намын дарга, 68 настай А.Бабишийн хувьд 2017-2021 онд Ерөнхий сайдын албыг хашиж байв.


Нэгдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд болсон эхний шатны санал хураалтад найман нэр дэвшигч өрсөлдсөнөөс П.Павел 35.4 хувь, А.Бабиш 34.99 хувийн санал авснаар тунан үлдээд байсан юм. БНЧУ-ын ерөнхийлөгчийг сонгуулиар шууд сонгодог. Төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа таван жил үргэлжлэх бөгөөд нэг удаа улиран сонгогдох эрхтэй байдаг.


Чехийн одоогийн Ерөнхийлөгч Милош Земаны хоёр дахь бөгөөд эцсийн бүрэн эрхийн хугацаа ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр дуусна.

Related news