ДАРХАН-УУЛ: Төвлөрлийг сааруулахад бүс нутгийн хөгжлийн бодлого баримтална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-02 16:20:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, үйлдвэр, аж ахуй нэгж, их дээд сургуулийг орон нутагт шилжүүлэх тухай хэдэн жилийн өмнөөс яригдаж ирсэн. Гэвч биелэлээ олсон нь бараг үгүй. Тиймээс Орон нутагт шилжин суурьших боломж” бүсийн хэлэлцүүлгийг Дархан хотод зохион байгуулж байна.



Хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг Дархан-Уул, Булган, Орхон, Сэлэнгэ аймагт бодитоор хэрэгжүүлэx, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дор харилцан уялдаатай хөгжлийн бодлого тодорхойлж, шилжилт хөдөлгөөний үзэл баримтлалаа нэгтгэхэд оршиж байгаа аж.


Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, хотоос хөдөө орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг дэмжих, орон нутгийн болон бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримтлан ажиллаж буйтай холбоотойгоор өнөөдрийн хэлэлцүүлэг болж байна. Xотоос xөдөө рүү чиглэсэн шилжилт xөдөлгөөнийг дэмжиxэд аймгуудын нэгдсэн оролцоог нэмэгдүүлэx, бүсчилсэн хөгжлийн бодлого дор аймгууд нийгэм, эдийн засаг, шилжилт хөдөлгөөнийг зохистой удирдах, зохицуулах нэгдсэн үзэл баримтлалыг бий болгох, төвлөрлийг сааруулаx, орон нутгийн xөгжилд дэмжлэг үзүүлэx талаар хэлэлцэж байна.



Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга У.Бямбасүрэн, Батлан хамгаалахын дэд сайд, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих үүрэг бүхий ажлын хэсгийн дарга Б.Баярмагнай, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Даниел Сэм болон орон нутгийн удирдлагууд холбогдох албадын төлөөлөл оролцож байна. Мөн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, шилжин суурьшигч иргэд гээд нийт 80 орчим төлөөлөл оролцож байна.




Улаанбаатараас орон нутаг руу шилжин суурьшсан иргэд туршлагаасаа хуваалцаж, саналаа илэрхийлэхийн зэрэгцээ шилжин суурьшигч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд үндэсний болон орон нутгийн бодлого гаргагчидтай хамтран шилжилт хөдөлгөөний бодлого боловсруулж байна.




Бүсийн хэлэлцүүлгийн ерөнхий зохион байгуулагчаар, Монгол Улсын ЗГХЭГ, “Хот, хөдөөгийн сэргэлт” ажлын баг, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага, хамтран зохион байгуулагчаар Дархан-Уул аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ЗДТГ, Булган аймгийн ЗДТГ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ ажиллаж байна. 

Related news